Орон сууцны бус барилгын ажил гүйцэтгэлээр 2024 оныхоос 445.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ /. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний хагас жилд 5.2 их наяд төгрөг болжээ. Түүний 5 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 206.9 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн аж. Эхний хагас жилд барилга угсралт, их засварын ажил 2024 оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Түүнд дотоодын аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.5 их наяд төгрөгөөр нөлөө үзүүлсэн байх юм.
Энэ оны эхний хагас жилд барилга
угсралт, их засварын ажлын 36.6хувийг орон сууцны барилга, 33.9 хувийг орон
сууцны бус барилга, 25.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 4.1 хувийг их
засварын ажил эзэлсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс орон сууцны барилгын
ажлын 0.4 нэгж хувиар, инженерийн барилга, байгууламжийнх 2.2 нэгж хувиар
буурчээ. Харин их засварынх 1.9 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 0.6 нэгж
хувиар өсжээ.
Орон сууцны бус барилгын ажил
гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 445.4
тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Төрлөөр авч үзвэл сургууль, соёлын барилгын ажил 223
тэрбум төгрөгөөр, бусад орон сууцны бус барилгынх 149.9 тэрбум төгрөгөөр,
худалдаа, үйлчилгээний барилгынх 78.8 тэрбум төгрөгөөр, эмнэлгийн барилгынх
19.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин үйлдвэрийн барилгынх 26.2 тэрбум
төгрөгөөр буурсан байгаа юм.
Улаанбаатар хотод эхний хагас
жилд 2.9 их наяд төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга
угсралт, их засварын ажил хийгдсэн. Энэ нь улсын дүнд 58.3 хувийг эзэлж, 2024
оны мөн үеийнхээс 7.6 нэгж хувиар өссөн байна.
Мөн эхний хагас жилийн урьдчилсан
гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 517.2 тэрбум төгрөг, Дархан-Уул аймагт 242.8
тэрбум төгрөг, Орхон аймагт 209.2 тэрбум төгрөгийн дотоодын барилгын
байгууллагын барилга угсралт, их засварын ажлуудыг гүйцэтгэсэн аж Энэ нь
аймгуудын барилга угсралтын ажлын 46.9 хувийг эзэлжээ.
Улаанбаатар хотод “Багахангай – Хөшгийн
хөндий чиглэлийн төмөр зам”-ын ажил, авто замын их засварын ажлууд, орон сууцны
барилгын ажлууд, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн
бүтээн байгуулалтын ажил, авто замын ажлууд, Орхон, Дархан-Уул аймгуудад орон
сууцны барилгын ажлууд эрчимжсэн аж.