ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр хотын түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-12 15:49:25

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын түүхт 300 жилийн ой 2027 онд тохионо. 

Үүсэл хөгжлийн их ойг тэмдэглэхтэй холбогдуулан түүхэн үйл явдлыг харуулсан уран сайхны баримтат киног хийхээр Арвайхээр сумын ЗДТГ-аас зураг авалтын ажлыг эхлүүллээ. Баримтат киноны найруулагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал ажиллаж байгаа юм.



Тэрбээр хэлэхдээ “Арвайхээртэй Өндөр гэгээнээс эхлээд олон өв соёл, түүх холбогдоно. Тиймээс энэ ой бол зөвхөн Арвайхээрийн биш Монголын түүхийн нэгээхэн чухал хэсэг юм. Тиймээс эх орныхоо баялаг өв, түүхийг хойч үедээ сурталчлан таниулахын тулд баримтат кино хийхээр хоёр жилийн өмнөөс ажлыг эхлүүлж байна. Энэ соёлын ажлыг хийх болсондоо ихээхэн баяртай байгаа” гэв. 


Түүхээс онцлоход, 1707 онд Сайн ноён Жамбын хоёрдугаар хүү Цэрэндашид Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэл тавигдсан хэмээн үздэг байна. 


関連ニュース