ӨМНӨГОВЬ: Нүүдэлчдийн соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-14 17:30:04

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын нүүдлийн ахуй, соёлын өвийг хүүхэд залууст танин мэдүүлэх, гаднын аялагчдад сурталчлах зорилготой “Нүүдэлчин” фестивалийг Даланзадгад суманд зохион байгууллаа. Соёлын биет бус өвийн уламжлалт наадам болох энэхүү фестивалийг 2025 оны наймдугаар сарын 13-14-ний өдрүүдэд долоон төрлөөр зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ үеэр орон нутгийн гар урчуудын бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгэж, 15 сумын биет бус өвийн өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолтыг зохион байгуулснаараа өмнө жилүүдээс онцлог байв.   

 

Фестивалийн эх хэл, аман уламжлалын илэрхийлэл болсон айн шилдэг өвлөн уламжлагчаар Баяндалай сумын ерөөлч С.Буяндэлгэр, "Ардын язгуур урлаг" айн шилдэг өвлөн уламжлагчаар Даланзадгад сумын "Хоолойн лимбэ", "лимбэний битүү амьсгаа", хосолсон үзүүлбэрээр Б.Бөгбаатар, О.Одхүү нар шалгарлаа. Харин Л.Болормаа болон түүний шавь нар зээ, гийнгоо, морь, бөхийн цолыг амжилттай дуудаж "Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага" айн шилдэг өвлөн уламжлагчаар тодров. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг зан үйлийн айн шилдэг өвлөн уламжлагчаар Ханбогд сумын иргэн Н.Эрдэнэбаяр, “Уламжлалт гар урлал"-ын айн шилдэг өвлөн уламжлагчаар Даланзадгад сумын урлаач Ц.Цэцэгдэлгэр, "Уламжлалт арга ухаан"-ы айн шилдэг өвлөн уламжлагчаар Номгон сумын малчин Д.Батчимэг, “Мал маллах арга ухаан"-ы айн шилдэг өвлөн уламжлагчаар Ханхонгор сумын малчин Ж.Шинэбат нар шалгарчээ. Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Цогтцэций сум, дэд байрт Баяндалай сум, гуравдугаар байрт Номгон сумын өвлөн уламжлагчид тодорсон байна.

 

Фестивалийн нэгдүгээр шатанд ийнхүү шалгарсан өвлөн уламжлагчид энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт болох үндэсний нэгдсэн "Нүүдэлчин" фестивальд оролцох эрхтэй болжээ. 



関連ニュース