Ц.Батбаяр: Чөлөөлөх дайнд оролцсоноор Монгол Улсын тусгаар тогтнолыг их гүрнүүд бүрэн хүлээн зөвшөөрсөн учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.tuul@montsame.gov.mn
2025-08-27 11:07:13

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны 80 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ. Ойг угтаж, дайны ялалтыг авчрахад үзүүлсэн монгол цэргийн түүхэн үүрэг, оролцоо, үр дагавар, орчин цагийн судалгааны явцын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяртай ярилцлаа.


-ХХ зууны түүхэн үйл явдлуудын нэг бол 1945 оны Чөлөөлөх дайн юм. Тухайн үеийн дэлхий нийтийн нөхцөл байдлын талаар ярилцлагын эхэнд хөндөж ярихгүй юу?

-Дэлхийн II дайнд 61 улс, дэлхийн бөмбөрцгийн хүн амын 80 хувь хамрагдаж, нийт 110 сая хүн цэрэгт дайчлагдсан юм. Дайны явцад дор хаяж 60 сая орчим хүн амь насаа алдаж, 35 сая хүн шархдаж гэмтсэн, 3 сая хүн сураггүй алга болсон гэсэн түүхийн гашуун сургамж бий. Дэлхийн II дайны эд материалын хохирлыг тэр үеийн ханшаар 1.5 триллион ам. доллар болсон гэж үздэг.


Дэлхийн II дайн нь нийтийн дайсны эсрэг шударга хүн төрөлхтний хамтарсан агуу их тэмцэл байлаа. ЗХУ, Их Британи, АНУ, Дундад иргэн улс /ДИУ/ гэсэн холбоотон гүрнүүд үзэл суртлын ялгааг хөсөр хаян нэгэн зорилгын үүднээс бие биеэ дэмжиж, ХХ зууны түүхэнд анх удаа хамтарсан он жилүүд байв. Дэлхийн II дайны Ази дахь гол талбар бол эх газрын Хятадын нутаг дэвсгэр байлаа. Япон нь 1937-1945 онд Европын дайнаас дутахгүй хор хохиролтой “Япон-Хятадын дайн”-ыг өдөөж, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Хавай дахь Пёрл-Харборын тэнгисийн цэргийн баазад гэнэтийн цохилт өгч, Номхон далайн дайныг эхлүүлсэн юм. Ийнхүү Япон нь Пёрл-Харборт довтолсноос жил хүрэхгүй хугацаанд Зүүн Өмнөд Ази, Номхон далайн ихэнх хэсэгт ноёрхлоо тогтоосон.


Дэлхийн II дайны төгсгөлд Алс Дорнодын цэргийн кампани буюу Манжуурын стратегийн давших операцид Монгол Улсын зэвсэгт хүчин оролцсон нь Ялтын бага хурлын үр дүнгийн шууд үр дагавар гэж хэлж болно. Дээрх ажиллагааг удирдсан Зөвлөлтийн цэргийн нэрт жанжнууд “Алс Дорнодын дайн” гэж тодорхойлдог бол Монголын цэргийн түүх бичлэгт “Чөлөөлөх дайн” гэсэн нэрээр орсон юм.


-Энэ дайнд манай улсын хэчнээн цэрэг, хэдэн тооны зэвсэг техник оролцсон бэ. Байлдааны ажиллагаа цаг хугацаа, орон зайн хувьд хэдий хэмжээний талбарт болсон гэж үздэг вэ?

-Чөлөөлөх дайны өмнө МАХЦ-ийн 6,5,8,7 дугаар дивизийг Сүхбаатар аймгийн Онгон, Молцог хийд, Хонгор сум, Байшинтын  бүсэд 120-355 км марш үйлдүүлэн хүч хуралдуулах районыг хамгаалуулах ажлыг зохион байгуулсан. Улаанбаатарын IX морьт хороог Байшинтад, Архангайн XII морьт хороог Чойрт, Завханы XI морьт хороог Цэцэрлэгт тус тус шилжүүлсэн байдаг.


Түүнчлэн 1945 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны хугацаанд ердийн тээврийн хороо, батальон, хээрийн хөдөлгөөнт госпиталь, мал эмнэлгийн лазарет, армийн агт, зам буудлын рот, тусгай отряд, харуулын тусгай дивизион зэрэг ар тал, байлдааны хангалтын 15 анги, салбарыг шинээр нэмж байгуулсан. Армид байсан 23,889 агт дээр нэмж 4,590 морь худалдан авсан, 17,812 агт дайчлан нийт агтыг 46,309-д хүргэсний дээр 22,400 морь бүхий 102 өртөөг байгуулсан нь асар богино хугацаанд хийж амжуулсан ажил байв.


Нэмж сонирхуулахад, 1945 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас 17,812 шилдэг агт, 5,986 тэмээг тэрэг, тоног, хом шатны хамт дайчлан цэргийн хэрэгцээнд шилжүүлснээр МАХЦ-ийн дайчдын уналга, зүтгэх хүчний тоо дайны өмнөх үеийнхээс бараг 2 дахин нэмсэн. Цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн судалгаанаас үзэхэд, МАХЦ ба хязгаарын цэргийг 1945 онд дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулснаар 1945 оны есдүгээр сарын байдлаар МАХЦ-т 42,182, хязгаарын цэрэгт 10,570, нийт зэвсэгт хүчинд 52,752 хүн алба хааж байсан тооцоог гаргажээ.


1996 онд хэвлэсэн “Монгол цэргийн түүхийн товчоо” бүтээлд Өмнөд бүлгийн бүрэлдэхүүнд багтсан нийт бие бүрэлдэхүүний дотор МАХЦ-ийн тоо 21,384 хүн хэмээн шинэчлэн тогтоосон юм. Сүүлийн үед цэргийн түүхчид энэ талаар гүнзгийрүүлэн судалж, МАХЦ-ээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон нийт бие бүрэлдэхүүнийг 23,310 хүн гэсэн тооцоо гаргасан.


-Тэр үед манай улсын нийгэм, эдийн засгийн чадамж ямар байв. Улсын төсвийн хэдэн хувийг ялалтад чиглүүлсэн юм бол?

-Дэлхийн II дайны жилүүд бол Монгол орны хувьд ЗХУ-ын тусламж дэмжлэг зогссон /хумигдсан/, гадны ертөнцтэй харилцаа түгжигдсэн нэн таагүй гадаад орчин нүүрлэсэн жилүүд байв. Ийм нөхцөлд дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлах, өөрөө өөртөө найдахаас аргагүй байдалд хүрсэн. Ийм хүнд нөхцөл нь ард түмнийг нэгтгэн нягтруулж, улсын төсвийн талаас илүүг батлан хамгаалах салбарт зарцуулж, тэсэж туулах асар их хатуужлыг шаардсан нь гарцаагүй үнэн.


Дэлхийн II дайны жилүүдэд БНМАУ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч цэргийн төсөв зардлыг жил бүр нэмж ирсэн. Батлан хамгаалах зардал 1940 онд улсын төсвийн 45.6 хувийг эзэлж байсан бол 1941 онд 46.6, 1942 онд 49.8, 1943 онд 54.8 хувийг эзэлж байв. Цэргийн зардалд улсын төсвөөс 1941-1945 онд 487.8 сая төгрөг зарцуулсан нь нийт улс ардын аж ахуйд зарцуулсан хөрөнгөнөөс 3 дахин илүү байлаа. Мөн батлан хамгаалах хэрэгцээнд зориулж дөрвөн удаа тус бүр 20 жилийн хугацаатай зээллэгийг нийтдээ 80 сая төгрөгөөр гаргажээ.


-Ялалтад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл, холбоотон, байлдааны цөм ажиллагааны талаар тодотгож ярихгүй юу?

-Монгол, Зөвлөлтийн цэргийн Өмнөд бүлгийн командлал байлдааны үүргээ биелүүлэхдээ хүч, хэрэгслээ хоёр хэсэг болгож, нэг хэсэг нь Дарьганга, Байшинтын районоос Долнуур, Жэхэгийн чиглэлд 950 гаруй км, нөгөө хэсэг нь Сайншандаас Чуулалт хаалга хүртэл 500 гаруй км хол зайд давшин байлдахаар болсон юм. Монгол, Зөвлөлтийн цэргийн Өмнөд бүлгийн давших операцийг хоёр үндсэн шаттай хэрэгжүүлсэн. Операцийн нэгдүгээр шатанд (наймдугаар сарын  9-14) Манжуур ба Хойд Хятадын хоорондох зам харилцааг эзлэн аваад Хятад дахь Японы командлалын стратегийн нөөцөөс нь Квантуны армийг тусгаарлав. Давших операцийн хоёрдугаар шатны (наймдугаар сарын 15-23) гол үр дүн нь Квантуны армийн үндсэн хүчийг Манжуурын тэгш талд бут ниргээд улс төр, эдийн засгийн маш чухал төвүүдийг чөлөөлөх, японы цэрэг үй олноороо бууж өгөх эхлэлийг тавьсан гэж үздэг.


Морьт механикжуулсан бүлгийн командлагч И.А.Плиев чухам яагаад Долнуур-Жэхэ, Чуулалт хаалга-Бээжин гэсэн давших хоёр чиглэлийг сонгож авах болсныг дараах байдлаар тайлбарлажээ. Тэрбээр “Манай морьт механикжуулсан группийн давшилтын зурваст зам харилцааны дагуу нэг нь Чуулалт Хаалга-Бээжингийн, бас Долнуур-Жэхэ-Бээжингийн чиглэлд давшин байлдах хоёр чиглэл тодрон гарч ирсэн юм. Эдгээр давшин байлдах чиглэлийн чухал нь Гуйсуй хотод Дэвангийн жанжин штаб, японы тагнуулын газар, Чуулалт Хаалгад Монгол-Сүйюаний группийн штаб, Жэхэд японы цэргийн баруун өмнөд группийн штаб, Манж-Гогийн цэргийн 5-р тойрог тус тус байрлаж байснаар тодорхойлж байв. Эдгээр боомт газрыг эзлэн авбал япончуудын Умард фронтын штаб байрлаж агсан Бээжинд хүрэх зам нээгдэх байв” гэж бичсэн нь танай асуултын хариулт болох байх.


Дэлхийн II дайныг амжилттай дуусгахад оруулсан Монгол, Зөвлөлтийн дайчдын гавъяа үлэмж их. Тиймээс МАХЦ-ийн байлдааны ажиллагааг чадамгай удирдаж, онц гарамгай гавъяа байгуулсан учир маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Түүнчлэн хурандаа Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нар Монгол Улсын баатар цолоор шагнуулж, дайнд гавьяа байгуулсан МАХЦ-ийн 2000 гаруй дайчдыг төрийн одон медалиар шагнасан.


БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Зөвлөлтийн Улаан армийн 178 хүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн, 3 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, 166 хүнийг Алтан гадас одонгоор, 159 хүнийг байлдааны медалиар тус тус шагнасан байна.


-Дайны хохирлын хэмжээг хэрхэн авч үздэг вэ?

-1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийн үзсэн хохирлын тоог өнөө хүртэл янз бүрээр бичсээр ирсэн. Анх маршал Х.Чойбалсангаас Алс Дорнодын Комиссын дарга хошууч генерал Фрэнк Маккойд 1945 оны аравдугаар сарын 18-нд хүргүүлсэн захидалд 1935-1945 онд Японы милитаристуудаас БНМАУ-д учруулсан хүн, эд материалын хохирлыг тооцож хүргүүлсэн. Үүнд, 1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийн хохирол 675 цэрэг, учруулсан эд материалын хохирол 249 сая төгрөг гэсэн нь бий. Харин сүүлийн үеийн цэргийн түүхчдийн судалгаагаар МАХЦ-ээс 1945 оны дайнд нас барсан, шархадсан, сураггүй болсон нийт 78 хүн гэж үзсэн. Тэдгээр дайчдын дурсгалд зориулан БНХАУ-ын нутагт Жанчхүүгийн даваанд дурсгалын хөшөө босгож алдар нэрийг нь мөнхөлсөн.


-Чөлөөлөх дайн бидний хамгийн үнэт зүйл болох тусгаар тогтнолтой шууд холбогддог. Ялалтаас улбаатай түүхэн үйл явдлуудаас онцлохгүй юу?

-Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах, дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах үүднээс авч үзвэл Ялтын бага хурал дээр Японы эсрэг дайнд орохын тулд ЗХУ хэд хэдэн болзол тавьсны нэг нь БНМАУ-ын статус-кво буюу өмнөд хөрш ДИУ-аас олон улсын эрх зүйн хувьд огт хамааралгүй гэдгийг баталгаажуулахтай холбоотой байв. Үүний дагуу ЗХУ-ДИУ-ын яриа хэлэлцээ 1945 оны зургаадугаар сарын сүүлчээр Москва хотод эхэлж, наймдугаар сарын дунд хүртэл үргэлжилж, эцсийн дүнд ДИУ-ын эрх баригчид БНМАУ-ын де-юре бүрэн эрх, тусгаар тогтнолыг хэд хэдэн болзолтой хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон юм.


Ийнхүү 1945 оны аравдугаар сарын 20-нд БНМАУ-д болсон нийт ард түмний санал асуулгын дүнд Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгснийг БНМАУ-ын Засгийн газар ЗХУ, ДИУ-д албан ёсоор мэдэгдсэн. Чөлөөлөх дайн Зөвлөлт-Монголын цэргийн ялалтаар төгссөний дараа Чан Кайшигийн Гоминьданы Засгийн газар 1946 оны нэгдүгээр сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, мөн оны хоёрдугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох болон дипломат төлөөлөгч харилцан суулгах тухай нот бичгийг Чунцин хотод солилцсон.


Чан Кайши 1945 оны хоёрдугаар сарын 10-нд БНМАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ч.Сүрэнжав нарыг Чунцинд албан ёсоор хүлээн авч уулзахдаа “Бид дайнд (1945 оны Чөлөөлөх дайныг хэлж байна) хамтарсан. Тэгээд Монгол тусгаар тогтносон улс болж зарлагдсан болой” хэмээн хэлсэн байдаг. БНМАУ-ын нэр хүнд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор хэмжээлшгүй өсөж, холбоотон гүрнүүд нэгэнт хүлээн зөвшөөрсөн тул Дундад Иргэн улс ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсныг илтгэж байна. Тиймээс ч сэтгүүлч Х.Цэвлээ бичсэнчлэн “Ч.Сүрэнжав гуай тэр удаагийн томилолтоороо Чан Кайшийн алдарт үгийг ганзагалан авчирч, Монголын ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулсан” гэж бичсэнтэй та бүхэн санал нийлэх биз ээ.


-Чөлөөлөх дайнаас үлдсэн сургамж юу вэ?

-Зүүн Хойд Хятад, Өвөр Монголын нутагт 1945 оны намар явуулсан МАХЦ-ийн операци ерөнхийдөө амжилттай болсон ч зарим дутагдалтай талыг илрүүлж өгчээ. Энэхүү Монголын морьт цэргийн байгаль цаг уурын хүнд нөхцөлд хийсэн давших операци нь МАХЦ-ийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдал, офицерын бүрэлдэхүүний сахилга, ур чадварыг дээшлүүлэх, цэргүүдийн агт морьдоо арчлах, байнгын тэжээл, хашаа саравчтай байлгах, МАХЦ-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, артиллери, зенитийн ангиудыг нэмж байгуулах чиглэлээр цаашдын ардын армийн бэхжилтэд чухал нөлөө үзүүлсэн байна.


Жанжин Ж.Лхагвасүрэн чөлөөлөх дайны туршлагыг дүгнэж: “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн анги нэгтгэлүүд 1945 оны 8 дугаар сарын 9-нөөс 22-ныг дуустал явуулсан байлдааны үед газар орон, байгалийн хүнд бэрх нөхцөлд давшиж, Өвөр Монголын морьт дивиз тав, Манжгогийн явган цэргийн бригад дөрөв, холимог бригад нэгийг буулган авсан юм. Энэ хугацаанд дайсны олон зуун хүнийг устгаж шархдуулан, хорь гаруй мянган цэрэг, офицерийг олзлов.


Олзолсон үлэмж хэмжээний техник хэрэгслийг Хятадын умард хэсэг дэх Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүдэд тусламж болгон шилжүүлсэн юм. Дайн бол цус их урсгаснаар дүгнэгдэхгүй, харин хохирол бага үзэж түргэн ялахын тулд стратегийн бодлогоо урьдаас сайн боловсруулж, түүндээ тохируулан цэргээ бэлтгэх, дайснаа сайн судлах, байлдах газар орон, байгалийн хүнд нөхцөлийг чадамгай ашиглаж, хүчтэй дайсныг богино хугацаанд бага хохиролтой устгаж болохыг урьд өмнөх дайны туршлагууд харуулсан юм” гээд “Империалист Японы эсрэг явуулсан 1945 оны дайны ялалт нь зөвлөлт-монголын армиудын хүч чадлын өсөлт, хамтын ажиллагааны үр дүн, байлдааны ажиллагааг байгаль цаг уурын хүнд нөхцөлд амжилттай явуулах манай дайчдын тэсвэр хатуужлын үзүүлэлт болсон юм” гэжээ.


-Бид нэг хэсэг түүхийг нэг эх сурвалжаас иш татдаг байсан гэж болно. Орчин цагт судалгааны бүтээлүүд хэр чанаржиж байна вэ. Товчдоо бол түүхээ бодит үнэнээр нь бичиж чадаж байна уу?

-Дэлхийн II дайны үеийн Монголын төрийн бодлого, цэргийн үйл ажиллагааны түүхийг судлан боловсруулах талаар манай цэргийн түүхчид амжилттай ажиллаж, 1996 онд “Монгол цэргийн түүхийн товчоон” хэмээх 2 боть томоохон бүтээл туурвисны дэд ботид улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлсэн олон талт үйл ажиллагаа, Халхын голын дайн, Чөлөөлөх дайны түүхийг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзсэн юм. Тэрхүү бүтээлд Чөлөөлөх дайнд бэлтгэх, МАХЦ-ийг бэхжүүлэх талаар МАХН, БНМАУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээ, МАХЦ-ийн бэхжилт, хуримтлуулсан туршлага, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааг онцлон үзэж, Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ, Дотоодын ба хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүн, хүн хүчний хохирлын тоо мэдээг шинэчлэн тогтоож, сэдвийн судалгааг урагш ахиулсан үнэлэлт дүгнэлт, шинэлэг санаа олныг дэвшүүлсэн.


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн ОХУ-ын эрдэмтэд, ялангуяа Буриадын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнтэй хамтран 2000-аад оны эхнээс 1930-1940-өөд оны ЗХУ-ын Алс Дорнодын бодлого, Халхын голын дайн, Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламж, Холбоотон улсуудын Японы милитаризмын эсрэг 1945 оны дайны “Манжуурын стратегийн давших операци”, Зөвлөлт-Монголын цэрэг Зүүн Хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн байлдааны ажиллагаа зэрэг сэдвээр гүнзгийрүүлсэн хамтын судалгаа хийж, 2011 онд “Халхын голоос Миссури линкор хүртэл”, 2015 онд “Монгол ба Орос дэлхийн II дайны үед. Өгүүллийн эмхэтгэл” зэрэг хэд хэдэн хамтын бүтээлийг туурвижээ.


Ийнхүү Монгол Улс гадаад ертөнцөд улам бүр нээлттэй болсон 1990-ээд оноос эрчимжсэн, Дэлхийн II дайны үеийн түүхийн судалгаа XXI зууны эхний 25 жилд орчин үеийн түүхийн судалгааны томоохон чиглэл болж, Монголын түүхчид 1939-1945 оны үеийн түүхийг дэлхийн болон бүс нутгийн улс хоорондын харилцан хамаарал, БНМАУ-ын талаар хөрш орнууд, их гүрнүүдээс явуулж байсан бодлого, үйл ажиллагааны эерэг сөрөг тал, учир шалтгааныг тайлбарлах замаар Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тэргүүн зэрэгт үзэж цогц судалгаа үргэлжлүүлэн хийсээр байна.


-Өдгөөгөөс 80 жилийн тэртээд болсон түүхийг ярилцлагаараа хөндлөө. Та саяхан номоо шинээр хэвлүүлсэн. Номынхоо талаар уншигчдад товч танилцуулна уу?

-Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн өмнөхөн “Шихихутуг” хууль зүйн их сургуулийг байгуулсан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д. Лүндээжанцан бидний хамтын бүтээл “1945 оны Чөлөөлөх дайн: Монгол ба Дэлхий дахин” номыг хэвлэж гаргалаа. Тус хамтын бүтээлд бид дэлхийн II дайн, түүний дараах үеийн Монгол орон, дэлхий дахины байдлыг авч үзэхдээ гадаад харилцаа, улс төр, хууль ёс, эдийн засаг, нийгэм, шашин шүтлэг, соёл боловсролын асуудлыг иж бүрнээр цогцоор нь авч үзэхийг хичээж, монгол орон, монголчуудын амьдралд тэр жилүүдэд гарсан их тэсрэлт өөрчлөлт, иргэн бүр “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө чармайн зүтгэж байсан ард иргэдийн, цэрэг дайчдын “их энергийн хүч”-ийг уншигчдад хүргэхийг чармайсан гэхэд болно.

関連ニュース