Р.Федерер долоо дахь тэрбумтан тамирчин болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-25 17:52:59

БЕРН, 2025 оны наймдугаар сарын 25 /CNN/. Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер тамирчдын дундаас төрөн гарсан долоо дахь тэрбумтан болсныг “Forbes сэтгүүлээс танилцуулсан тоо баримт харуулжээ. 


Тодруулбал, 2022 онд их спортоо орхисон түүний хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус сэтгүүлд бичсэн байна. Үүнд Швейцарын гутал, хувцасны On брэндэд цөөнхийн хувьцаа эзэмшиж байгаа нь голчлон нөлөөлжээ.


Тамирчны замналынхаа туршид талбайгаас гадуур 1 тэрбум орчим ам.доллар цуглуулсан Р.Федерер өрсөлдөгч Новак Жокович, Рафаэль Надаль нартай харьцуулахад бага хэмжээний шагналын мөнгө авч байсан боловч 16 жил дараалан теннисчдээс хамгийн өндөр орлоготой нь байсан юм. 2020 онд тэрбээр татвар төлөхөөс өмнө 106.3 сая долларын орлого олсон нь дэлхийн аль ч тамирчнаас өндөр үзүүлэлт байлаа. Ингэснээр 1970 оны Францын нээлттэй тэмцээний эрэгтэй хосын төрөлд түрүүлж, коммунизм унасны дараа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн Румын тоглогч Ион Шириакийн дараа теннисний салбараас төрсөн хоёр дахь тэрбумтан нь Р.Федерер болжээ.


Тэрбумтан тамирчдын жагсаалтад сагсан бөмбөгийн од Майкл Жордан, Мэжик Жонсон, ЛеБрон Жеймс, Жуниор Брижман нар, мөн гольфчин Тайгер Вудс нар багтдаг. Тэдний дундаас Т.Вудс, Л.Жеймс нар бол их спортод өрсөлдөж байхдаа тэрбумтан болсноороо ялгаатай.

 


関連ニュース