Японы 102 настай иргэн Фүжи ууланд авирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-27 16:58:30

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /Anadolu/. Японы 102 настай иргэн Фүжи ууланд авирсан хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн амжилтын номонд бүртгэгджээ


Зүрхний дутагдлыг даван туулсан Кокичи Акүзава наймдугаар сарын 3-нд тус улсын хамгийн өндөр оргил болох 3776 м ууланд гарсан гэж Гиннесийн дээд амжилтын цахим хуудсанд мэдээлсэн байна. Фүжи бол Японы Хоншю арал дээр оршдог идэвхтэй галт уул юм.


К.Акүзавагийн хувьд ерөнхийдөө долоо хоног бүр ууланд авирдаг байна. Тэрбээр нас дээр гарсан хойноо Японы хамгийн өндөр ууланд авирсан анхны тохиолдол нь энэ биш бөгөөд хамгийн сүүлд 96 настайдаа энэхүү оргилд гарч байжээ.


К.Акүзава хэлэхдээ, энэ авиралт өнгөрсөн удаагийнхаас тэс өөр санагдсан гэжээ. Тэрбээр замдаа урцанд хоёр шөнийг өнгөрөөснөөр нэг өдрийн дотор бус гурван өдөрт авирсан байна. Түүнээс Японы хамгийн өндөр оргилд дахин авирахыг хүсэж байна уу гэж асуухад “дахиж хэзээ ч гарахгүй” хэмээн хошигнон хариулжээ.


Хэрэв та энэ асуултаа ирэх жил надад тавьбал өөр хариулт авах байх, гэхдээ одоохондоо би энэ авиралтдаа сэтгэл хангалуун байна гэж К.Акүзава ярьсан байна. Өдгөө 102 настай тэрбээр 99 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Набеварияма уулын 1272 м оргилд гарч байсан ажээ.



関連ニュース