Молик Д.Беркана: Увс аймагт төлөвлөсөн уулзалтуудаа үр дүнтэй хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-02 11:05:07

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Беркана тэргүүтэй ажилтнууд Увс аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Увс аймагт хийж байгаа ажлын айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Би АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны даргаар ажилладаг. Увс аймагт ирж ажиллаад буцах гэж байна. Бид ирсэн өдрөө Увс аймгийн Нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санамж бичгийг хоёр жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо. Энэ үеэр төрийн албан хаагчдын англи хэлний чадавхыг сайжруулах, Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудыг Увсад ажиллуулах талаар ярилцсан.

Үүнээс гадна Улаангом политехник коллежийн багш, ажилчидтай уулзаж ярилцсанаас гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчидтэй уулзан санал бодлоо солилцлоо.


-Та Увсад өмнө нь ирж байсан уу?

-Миний хувьд Увс аймагт анх удаагаа ирж байна. Энэ удаад төлөвлөсөн уулзалтуудаа маш үр дүнтэй хийлээ. Мөн онгон дагшин сайхан байгалийг ирж үзсэндээ сэтгэл өег байна. 

Манай хоёр орон хоёулаа адилхан, ардчилсан үзэл баримтлалтай улс орнууд юм. Цаашдаа хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Тэрчлэн авлигал, хээл хахуультай тэмцэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Боловсролын салбарт манай элчин сайдын яамнаас хэд хэдэн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, энэ оны 6 дугаар сард англи хэлний сургалтын төвийг МУИС-ийн Номын санд нээсэн. Энэ нь англи хэлний сургалтыг дэмжих, заах арга зүйн талаар багш нарт дэмжлэг үзүүлэх зорилготой. Энхтайваны корпусын чиглэлээр 50 гаруй хүн Монгол Улсад ажиллаж байна.

Үүнээс гадна Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж байгаа хүчин зүтгэлийг сайшаамаар байна. Би өмнө нь Өмнөд Судан улсад алба хааж байсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчдыг маш сайн бэлтгэгдсэн алба хаагчид гэж сонсож байсан. Энэ дашрамд тэдгээр хүмүүст баяр хүргэмээр байна.


-Ярилцсанд баярлалаа.

 

関連ニュース