“Сүү” ХК-ийн бондын арилжааг эхлүүлж цан цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-08 16:11:00

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг тэлэх, үндэсний томоохон аж ахуйн нэгж, компанийг дотоодын зах зээлээс санхүүгийн эх үүсвэр татах боломжийг нэмэх зорилгоор бондын хялбаршуулсан зохицуулалтыг нэвтрүүлсний дүнд “Сүү” ХК “Сүү 2.0” бондын анхдагч зах зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүлж, цан цохилоо.


Цан цохих ёслолыг нээж, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ярихдаа, “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын зах зээлийг хөгжүүлэхэд хэд хэдэн алхам хийсэн. Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүний нэг нь бонд юм. Олон улсын туршлагаас харахад бондын зах зээлийг сайжруулснаар хөрөнгийн зах зээл хөгжсөн байдаг. Иймээс 2021 онд бүртгэлийн журмаа хувьцаа болон бондын гэж 2 ангилсан. Ингэхдээ дотоодын аж ахуйн нэгж, компанийг хөрөнгийн зах зээлээс хялбар, шуурхай, зардал багатай санхүүжилт татах боломж, бололцоог нэмэх зохицуулалт оруулсан. Тухайлбал, бондоо нэгдсэн дүнгээр бүхэлд нь бүртгүүлээд, хэсэгчлэн гаргах, санхүүгийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагаар зэрэглэл тогтоолгосон бол барьцаа, батлан даалт шаардахгүйгээр бонд гаргах боломж бүрдүүлсэн”-ийг тодотгов.


Түүнчлэн, СЗХ өнгөрсөн дөрөвдүгээр сард МҮХАҮТ-тай хамтран үндэсний томоохон компаниуд буюу “ТОП 100” аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлээс бонд гаргах замаар санхүүжилт татах боломжийг нэмэх үүднээс журмуудад тодорхой өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, “ТОП 100” аж ахуйн нэгжүүд 5 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс, мөн ямар нэг барьцаа, батлан даалтгүйгээр татах боломжтой болсон. Энэ удаагийн “Сүү 2.0“ бонд нь СЗХ-ны бондын журмын шинэ зохицуулалтын дагуу гарч буй “ТОП 100” аж ахуйн нэгжийн анхны бүтээгдэхүүн аж. 

関連ニュース