ГОВЬ-АЛТАЙ: “Жангар” номын сан уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-10 11:39:46

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхэд багачууд, оюутан сурагчдад зориулан Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сан ажлын цагийг уртасган ажиллаж байна. 


Анги хамт олон, найз нөхдөөрөө хичээл номоо давтах, бататгах, гүнзгийрүүлэн судлах төвлөрөх, чимээгүй тав тухтай, таатай орчныг бүрдүүлэн ажлын өдрүүдэд 09:00-13:00, 14:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. 


Нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, шинэ уншигчийг нэмэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ном уншихын ач холбогдол, давуу талыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулдаг тухай “Жангар” нийтийн номын сангаас мэдээлэв. 


Уг номын сан нь анх 1944 онд нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 20 гаруй хүний орон тоо, 1800 байнгын уншигч бүртгэж, 20 мянган хүнд 40 мянган номоор үйлчилж байна. Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном товхимол, өдөр тутмын сонин сэтгүүлийг ашиглаж байгаа ажээ.

関連ニュース