О.Севилл 100 м-ийн зайд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-15 10:18:18

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 15 /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эрэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн төрөлд Ямайкийн тамирчин Облик Севилл алт, түүний нутаг нэгт  Кишейн Томпсон мөнгөн медаль тус тус хүртлээ. 


О.Севилл Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 9.77 секундэд барианд орсноор хувийн дээд амжилтаа ахиулж, Парисын Олимпын мөнгөн медальт К.Томпсоноос 0.05 секундээр илүүрхсэн бол Олимпын аварга, Америкийн тамирчин Ноа Лайлс 9.89 секундийн амжилтаар хүрэл медалийн болзол хангажээ.



Харин эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтэд АНУ-ын Мелисса Жефферсон 10.61 секундийн амжилтаар тэмцээний дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртсэн бол Ямайкийн Тина Клэйтон 10.76 секундээр хоёрдугаарт, Парисын Олимпын аварга, Сент Люсиагийн тамирчин Жульен Альфред 10.84 секундээр гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.


Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт үзэгчдийн суудлаас үзсэн тэмцээний үеэр О.Севилл сүүлийн 10 м К.Томпсоноос тасарч, ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд анхны медалиа авсан нь алтан медаль байлаа. Ингэснээр 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпод түрүүлсэн У.Болтоос хойш Ямайкаас төрсөн анхны дэлхийн аварга/олимпын алтан медальтан болсон О.Севилл “Би олон тэмцээний медальт байрнаас хасагдсаар ирсэн. Ямайк дахин тэргүүнд бичигдэхийг харахад сайхан байна” хэмээн ярьжээ.



関連ニュース