Ханын материалд 1800 айлын орон сууц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-15 15:26:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй.


Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн V хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025-2029 онд хоёр үе шаттай барих аж. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барихаар төлөвлөсөн байна.


Тэгвэл эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендэр зарлаж, “Материал Импэкс”, “Материал Импэкс констракшн”, “Конконсалтинг”  компанийн түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардан авчээ. Төслийн хүрээнд 1800 өрхийн 7-9 давхар, 24 орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв, 1200 машины ил болон дулаан зогсоо, худалдаа болон үзвэр үйлчилгээний төв, спорт байгууламж зэргийг барих аж. Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм.


Төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна.



関連ニュース