Испани, Францын багууд ФИФА-гийн чансаанд Аргентиныг гүйцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны есдүгээр сарын 19 /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ пүрэв гарагт танилцуулсан эрэгтэй шигшээ багуудын дэлхийн чансааг Испани улс 11 жилийн дараа анх удаа тэргүүлснээр Аргентины хоёр жилийн ноёрхлыг төгсгөл болголоо.
Тодруулбал, есдүгээр
сарын 9-нд болсон ДАШТ-ий урьдчилсан шалгаруулах шатны тоглолтод Эквадорт
1:0-ээр хожигдсон дэлхийн аварга аргентинчууд Францын ард орж, гуравдугаар байр руу
ухарсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард ДАШТ-д оролцох эрхээ
баталгаажуулсан Аргентины баг сүүлийн
тойрогт хожигдохоосоо өмнө урьдчилсан шатны чансааг тэргүүлж байсан юм.
Харин Испанийн
шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо Болгарын багийг 3:0-ээр хожсоноор
эхлүүлж, улмаар Туркийг 6:0-ээр буулган авсан байна. Хамгийн сүүлд испаничууд
дэлхийн болон Европын аварга болохдоо буюу 2014 оны зургаадугаар сард чансааг
тэргүүлж байжээ.
Францын шигшээ
мөн УЕФА-гийн сонгон шалгаруулалтыг эрч хүчтэй эхлүүлж, Украиныг 2:0, Исландыг
2:1-ээр тус тус буулган авчээ. Харин Английн баг дөрөвдүгээр байраа хадгалсан
бол Бразилыг гүйцсэн Португалын шигшээ тавдугаарт бичигдсэн байна.
Бразил, Нидерланд, Бельгийн багууд зургаагаас
наймдугаар байрт жагссан бол
Хорват, Итали 9, 10-т орсноор эхний
10-т багтаж, Герман 12 дугаар байр руу ухарчээ.
Словакийн шигшээ
баг Германыг талбайдаа 2:0-ээр хожсоноор 10 байраар урагшилж, 42-т бичигдсэнээр хамгийн том үсрэлт хийсэн байна.