БУЛГАН: Хадлан тэжээл бэлтгэх ажилд 2504 хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малчдын хүчээр 111.2 мянган тн байгалийн хадлан, 12.2 мянган тн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөө гарган, сумдад хүргүүлж, 65.7 мянган тн байгалийн хадлан, 50 тн сүрэл, 366 тн ногоон тэжээл, 334 тн үйлдвэрийн тэжээл, 369 тн гар тэжээл, 50 тн дарш ногооны хаягдал, 1.4 мянган тн давс, хужир, шүү бэлтгээд байна.
Засгийн газрын 2024 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор бэлтгэсэн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс 650 тн, 185.3 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ.
Засгийн газрын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хавсралтаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд аймгийн нөөцөд 758 тн өвс, 657 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1516 тн өвс, 1314 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөө батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар сумдын аюулгүйн нөөцөд 260 тн өвс, 15 тн тэжээл бэлтгээд байна.
Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд дугуйт трактор 128, трактор хадуур 52, трактор тармуур 40, хаман боогч 237, гар хадуур 901, бага оврын трактор хадуур 936, хүн хүч 2504 ажиллаж байна.