ДОРНОГОВЬ: "Тэнгэрийн хутагт" фестиваль зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-22 10:40:51

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг есдүгээр сарын 19-20-нд тус аймгийн аялал жуулчлалын төв Хамарын хийдийн ойролцоо зохион байгууллаа.


Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан соёлын фестивалийн үеэр “Тэнгэрийн хутагт”, “Үлэмжийн чанар”,  “Өвгөн суварга” зэрэг гурван тайзыг засаж соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг олон нийтэд хүргэсэн юм.


Тухайлбал, “Тэнгэрийн хутагт” тайзнаа  Үндэсний Урлагийн Их театрын жүжигчид “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг, “Морин хуурын чуулга”-ын тоглолт,” “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Дорнын цадиг” уран бүтээлийг тус тус толилуулсан бол “Өвгөн суварга” тайзнаа “Үлэмжийн чанар” яруу найргийн наадам, Хамарын хийдийн хурал, өглөөний уншлага, ноён хутагт Лувсанданзанравжаагийн зохиосон ая дангаар маани хөгжөөх, говийн есдүгээр ноён хутагтын айлтгал, “Үлэмжийн чанар” тайзнаа нарны мөргөл, нутгийн үүх түүх, хөгжмийн засал, бясалгал ба аз жаргал яриа хэлэлцүүлэг зэргийг өрнүүллээ.



Мөн говийн цэлмэг тэнгэр, од гаргийг дурандаж, харах үйлчилгээ, Дорноговь аймгийн гэрэл зурагчдын “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн 14 сумын онцлог, сонин сайхныг харуулсан “Өв соёлын өргөө” гэр үзэсгэлэн, монгол наадгай тоглоом,  язгуур урлагийн тоглолт, монгол бичгийн уран бичлэгийн үзүүлбэр,  морь тэмээ унуулах үйлчилгээ, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэгчдийн хүртээл болгов.


Дорноговь аймаг бол Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн төрсөн нутаг бөгөөд ноён хутагтын бүтээж туурвиж байсан газар орон буюу Хамарын хийд, Энергийн төв, Ханбаянзүрх хайрхан зэрэг буян номын газар нь одоог хүртэл уламжлагдан өвлөгдөж ирсэн тул энэ бүс нутагт тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их байгаа юм.


Ташрамд, Ноён хутагтын амьдрал уран бүтээлийг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бөгөөд хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллаж байжээ.


関連ニュース