Усны компакт гэрээний хүрээнд гэр хорооллын 180 худгийг бүрэн автоматжууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын байгуулсан гэрээний хүрээнд Усны Компактын гурван төслийг манай улсад хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний нэг нь усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 24/7 ажиллагаатай ухаалаг болгож, өнөөдөр Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өгөх ёслол боллоо. Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 207-р худгийн гадаа талбайд болсон эл үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тэргүүтэй албаныхан, зочид төлөөлөгч, тус хорооны иргэд оролцов.
Улаанбаатар хотын
хэмжээнд нийт 700 гаруй ус түгээх байр бий. Үүнээс 331 нь ус түгээх байр аж. Үүний
180-ыг нь Усны Компактын санхүүжилтээр автоматжуулжээ. Тэгвэл Сонгинохайрхан
дүүргийн II хорооны нутаг
дэвсгэрт 10 орчим ус түгээх байртайгаас
90 гаруй нь автомат болжээ. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр
хийсэн 207-р худгийн тухайд автоматжуулалтын системд хамгаалалтын IP67 стандартыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн зориулалт
бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Мөн гадна, дотно цахилгаан хангамжийг
бүрэн шинэчлэхдээ далд монтаж, газардуулга, гэрэлтүүлэг, цахилгааны самбар, хүчдэл
тогтворжуурлагч, тог баригчийг суурилуулжээ. Түүнчлэн ус түгээх байрны узел
шугамын шинэчлэлд олон улсын стандартад нийцсэн ундны усны зориулалттай шугам
хоолой, тоноглол, хүнсний зориулалттай хоолой, ачилтын ус түгээх байрны узельд SS316 маркийн зэвэрдэггүй ган хоолой ашигласан
байна.
Усны Компактын хүрээнд бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрын 61 нь Сонгинохайрхан, 51 нь Чингэлтэй, 26 нь Хан-Уул, 25 нь Баянзүрх, 11 нь Баянгол, 6 нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр дээрх 180 ус түгээх байрын үйл ажиллагааг нэгдсэн хяналтад оруулж, УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс зайнаас хянах боломжтой болжээ. Мөн иргэд ухаалаг гар утасны аппликейшн, усны карт болон утасны дугаараа ашиглан ус авч болох юм байна. Ингэхдээ төлбөрөө Хаан банкны дансаар Qpay, Socialpay, Hipay, Toki-гоор төлөх сонголттойг албаныхан хэллээ. Ташрамд дурдахад, Усны Компакт гэрээ нь 2021 оны гуравдугаар сарын 31-нээс 2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжих бөгөөд АНУ-ын талаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Харин Монгол Улсын Засгийн зараас 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.
Хэн, юу хэлэв
УИХ-ын гишүүн
Х.Ганхуяг: -Монгол,
Америкийн стратегийн хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болсон Усны
Компактын төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ бодит үр дүнгээ өгч, бүрэн автоматжуулсан
180 ус түгээх байрыг УСУГ-т хүлээлгэн өгч байна. Энэ нь иргэдэд төдийгүй УСУГ-т
ашигтай, таатай боломжийг бүрдүүлж, цаг хугацаа хэмнэсэн ажил боллоо.
УИХ-ын гишүүн
Д.Цогтбаатар: -Цаасан
дээр үзэглэж байсан Компакт гэрээний төсөл, хөтөлбөрүүд төрсөн дээр бууж өнөөдөр
албан ёсоор хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Энэ ажил бол цаашид хүлээлгэн
өгөх олон бүтээн байгуулалтын эхлэл юм. Ирээдүйд хамтын хүчээр Улаанбаатар
хотын усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй
байна.
АНУ-аас Монгол
Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган: - Ус бол бидний ирээдүй. Улаанбаатарын
хотын иргэдийн эрүүл, аюулгүй байдлын нэгэн баталгаа юм. Улаанбаатарчуудын
тулгамдсан асуудлыг нэг нь яах аргагүй ундны ус. Тиймээс хотын удирдлагууд
болон холбогдох албаныхантай ярилцсаны үндсэн дээр гэр хорооллын ус хангамжийг
автоматжуулах, 24 цагийн аль ч үед усаа авах боломжоор хангахын тулд энэ
төслийг санаачлан хэрэгжүүлж дууслаа. Нийслэлчүүдийг цэвэр усаар тогтвортой
хангах боломжтой болсноор хувийн хэвшил, бизнесүүд тэлэх, цаашлаад хотын эдийн
засаг урт хугацаанд өсөж хөгжих бат бөх суурийг тавьж байна.
УСУГ-ын дарга Ц.Төрхүү: -Энэ төсөлтэй эхнээс нь дуустал хамт байсандаа баяртай байна. Ус түгээх төвийг автоматжуулснаар иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд бидэнд ч үр өгөөжтэй боллоо. Учир нь, энэ байрыг бүрэн автоматжуулж, шугамд холбосноор өмнө нь хүлээдэг байсан 40 төгрөгийн алдагдал 10-15 болтлоо буурсан.