Г.Даваанасан: Багш хүний хамгийн сайхан мөч бол шавь нар амжилттай, сайн суралцах

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2025-10-03 16:37:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөө жил Дэлхийн багш нарын 31 дэх, Монголын багш нарын 59 дэх удаагийн баяр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. Монгол Улс багш нарын баярыг 1966 оноос эхлэн 2 дугаар сард тэмдэглэж байсан бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчилсөн. Багш нарын баярыг өдгөө дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.

Тус баярыг тохиолдуулан Нийслэлийн Ханул дүүргийн 34 дүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш, тэргүүлэх зэрэгтэй, магистр Гаваанасантай ярилцсанаа хүргэж байна. 


агш нарын баярын мэнд хүргэе. Та хэдэн жил мэргэжлээрээ ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би нийслэлийн 34 дүгээр сургуульд 12 дахь жилдээ монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байна.


-Багш мэргэжлийн хамгийн бахархалтай нь юу вэ?

-Зааж сургасан зүйлийг маань сураад, түвшнээ ахиулж, амжилттай сайн суралцах л юм даа. Энэ л хамгийн бахархам, жаргалтай мөч байдаг. 


-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Багаасаа л багш болох сонирхолтой байсан. Тэр дундаа монгол хэл, бичгийн багшийн мэргэжил илүү сонирхолтой санагдсан учраас мөрөөдлөө биелүүлсэн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаадаа баяртай байна.


-Монгол бичиг болон кирилл бичгээр хичээл заахад сурагчдад ямар ялгаа бэрхшээл тулгардаг вэ?

-Хамгийн түрүүнд сурагчдадаа эгшиг зохицох ёсыг маш сайн ойлгуулах ёстой болов уу. Үүнийг мэдэж байж цаашид монгол бичгийг сайн сурах үндэс тавигдана. Мөн монгол бичгийн үсэг, үгийн эхэнд дунд, адагт ордог өөр өөр хэлбэртэйг таниулж тогтоолгох хэрэгтэй болдог.


-Монгол бичгийг сурах, сургахын ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол хүн өөрийн хэл бичгийг хэрэглэх, дэлгэрүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Монгол хүн байхын нэгэн утга учир нь монгол бичиг мөнөөсөө мөн гэж боддог доо.


-Таны шавь нараас монгол бичигт сонирхолтой авьяастай хүүхэд олон байдаг уу?

-Манай шавь нараас монгол хэл бичигтээ сонирхолтой авьяаслаг хүүхдүүд цөөнгүй байдаг. 2024 онд 2 ангийг улсын төрөлжсөн олимпиадад бэлтгэн оролцуулсан 9-ийн Е анги маань сайхан бичигтэн анги төрөлд дүүрэгтээ хоёрдугаар байр эзэлсэн. Нийслэлд ч мөн амжилттай оролцсон. 11-ийн Г анги маань анги нийтийн уншлагын олимпиадад дүүрэг, нийслэлд түрүүлээд цааш улсын олимпиадад оролцож 8 дугаар байрт шалгарч байсан. Эх хэл бичгээ сонирхон судалдаг шавь нараараа их бахархдаг.


-Танай сургуулийн сурагчид монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг сониныг тогтмол олон тоогоор захиалдаг. Энэ сонины эрэлт үр өгөөж их байна уу?

-Манай сургууль болон миний бие сурагчдадаа “Хүмүүн бичиг сониныг тогтмол захиалан уншуулж хичээл сургалтдаа ашиглаж хэвшсэн. Үүний тус дэм тун их. Бичгийн хэвийг нь жигд сайхан бичдэг болгоход түлхүү ашиглаж байна. Үүнээс гадна сурагчид маань сурах бичигт нь байхгүй спорт, соёл урлагийн болон дэлхийн мэдээнүүдийг сониноосоо тогтмол унших дуртай байдаг. Сонирхолтой мэдээ мэдээллийг уншсанаар унших чадвар нь ч сайжирч байгаа нь ажиглагдсан.


-Цахим хэрэглээ хөгжсөн өнөө үед сурагчид монгол бичгээрх сонин хэвлэлийг сонирхон уншиж байгаа нь надад ч мөн урамтай санагдлаа.

-Тэгэлгүй яах вэ. Мэдээ мэдээллийг цахим орчноос хурдан шуурхай харж болох ч үүнтэй зэрэгцээд уламжлалт ном сонин ялангуяа үндэсний бичгээрээ танин мэдэхүйн мэдээллийг цаасан эхээр нь уншиж монгол бичгийн мэдлэгээ ч нэмэгдүүлж байгаа нь тун сайн хэрэг.


-Та монгол бичгийн дугуйлан хичээллүүлдэг. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?

-“Гэгээн эгшиг хэмээх монгол бичгийн дугуйланг гурав дахь жилдээ хичээллүүлж байна. Ноднин жил шавь нар маань нийслэлийн хэмжээнд Монголын нууц товчоо сэдэвт үзэсгэлэнг сургуульдаа гаргаж, эцэг эх, сурагчид, монгол хэл бичгийн багш нарт толилуулсан. Энэ жил шинэ элсэгчдээ аваад тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулж эхлээд байна. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан “Өнгөөр урласан нөхөрлөл хэмээх тэмцээнд дугуйлангийн сурагчид маань амжилттай оролцсон. Үүнээс 11-ийн В ангийн сурагч Б.Цэлмүүн нэгдүгээр байр 10-ын Вангийн сурагч Б.Номиншагай хоёрдугаар байрт тус тус шалгарсан. Ийм сайхан амжилттайгаар хичээлийн жилээ эхлүүлээд байна.




関連ニュース