Си Зиньпин, Д.Трамп нар утсаар ярилцав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрсөн даваа гарагт Хятад-АНУ-ын харилцааны талаар Дональд Трамптай утсаар ярьжээ.
Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Д.Трампд баяр хүргээд түүнтэй цаашид хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тус хоёр улс нь 37 жилийн өмнөөс албан ёсны харилцаа холбоо тогтоож байсан билээ. Энэ мөчөөс хойш хоёр талын харилцаа тасралтгүй явсаар ирсэн бөгөөд энэ харилцаанаас хоёр улсын ард түмэн бодит ашиг тусыг хүртсэн бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжиж ирсэн билээ гэж Си Зиньпин хэлжээ. Манай хоёр улсын хувьд хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт гэдгийг түүх харуулж байна хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн цааш хэлэхдээ "Хятад-АНУ-ын хоорондын харилцаанд чухал үүд хаалга нээгдэж байгаа бөгөөд энэ харилцаа улам гүнзгийрэх асар их боломж бий юм. Хоёр улсын ард түмэнд илүү их үр ашигтай байдлыг бий болгож, Хятад-АНУ-ын харилцааг улам хөгжүүлэхийн тулд манай хоёр улс тус бүрийн эдийн засгийн хөгжил болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн уялдааг хүчирхэгжүүлж, төрөл бүрийн салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Хамгийн том хөгжингүй улс болон хамгийн том хөгжиж буй улсын хувьд мөн дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын хувьд Хятад болон АНУ нь цаашид олон зүйл дээр хамтран ажиллаж чадах бөгөөд хамтран ажиллах хэрэгтэй" гэжээ.
Харин Трампын хувьд тэрбээр ерөнхийлөгчийн сонгууль ялсанд нь баяр хүргэсэнд Си Зиньпинд талархал илэрхийлээд Хятад-АНУ-ын харилцааны асуудлаар түүнтэй санал нэгтэй байгаагаа мэдэгджээ.
"Хятад улс бол анзаарахгүй өнгөрөх аргагүй хөгжлийн хэтийн төлөвтэй их гүрэн бөгөөд маш чухал улс билээ" гэж Трамп хэлжээ. Харилцан үр ашигтай байдлыг бий болгосноор АНУ болон Хятад улсууд хоёулаа ялах боломжтой. Хятад-АНУ-ын хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаатэрбээр онцлоод Хятад-АНУ-ын харилцаа бүр илүү хөгжиж, хүчирхэгжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Си Зиньпин болон Д.Трамп нар ойр дотно харилцаагаа хадгалах талаар харилцан зөвшилцөөд цаашид харилцаагаа сайжруулж хоёр улсын хооронд байгаа нийтлэг асуудлууд болон хоёр талын харилцаа холбооны талаар санал солилцохоор эрт уулзалдахаар болсон байна.
Х.Сарнай