БАЯНХОНГОР: Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-16 15:38:35
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийг орон даяар нэвтрүүлэх, ашиглалтад оруулах дадлага сургалтыг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Балдорж, удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүтэ нар тус аймагт энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтаар төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, хяналт-шинжилгээ, удирдлагыг цахимжуулах, сайжруулах замаар өмчийн менежментийг хөнгөвчлөх, мэдээллийн давхардал, зөрүүг арилгах, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, иргэдэд төрийн өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэхээр онол, дадлага хосолсон байдлаар явуулж байна.

Сургалтад орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчит 203 байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга зэрэг 500 орчим албан хаагч хамрагдаж байна. Мөн цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаараа тус сургалт онцлогтой.

Тус систем нь төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгийн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, тайлагнах, хяналт тавих, удирдлагын үйл явцыг цахимжуулах зорилготой бөгөөд энэ сарын сараас эхлэн иргэдэд бүрэн нээлттэй болох юм. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдсэн дата сан бүрдүүлэх, өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтыг цахимжуулах, ил тод, үр ашигтай хяналтын тогтолцоо бүрдүүлэх, иргэдэд төрийн өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэхэд тус систем чухал үүрэгтэй байхыг албаныхан онцлов.
Иргэд umch.gov.mn цахим хуудсаар зочлон төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг авах боломжтой юм.
関連ニュース