Аваргуудын нэрэмжит барилдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом хотын Спортын төв ордонд өнөөдөр тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын Аваргуудын нэрэмжит барилдаан болж байна.
Энэхүү барилдаанд оролцохоор Улаанбаатар хотоос Увс аймгийн харъяат Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын харцага Т.Баасанхүү нар иржээ. Мөн Улсын харцага А.Цацавшир, Б.Пүрэвсайхан, Б.Батзаяа, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баян-Өлгий аймгийн арслан К.Брекэ нараас гадна ОХУ-ын Тува улсаас хүчит бөхчүүд хүрэлцэн иржээ. Үндсэндээ энэ барилдаанд Улсын арслан 2, Улсын харцага 3, Улсын өсөх идэр начин 1, аймгийн цолтой 22, сумын цолтой 5 бөхөөр тэргүүлүүлсэн хүчит 128 бөх зодоглож байна. Шөвгөрсөн 32 бөх тойргоор барилдаж шилдгүүдээ шалгаруулах бөгөөд амжилттай сайн барилдсан залуу бөхчүүдэд уламжлал ёсоороо аймгийн цол олгох юм байна.
Аваргуудын нэрэмжит барилдаан нь 1981 оноос эхлэн Увс аймагт жил бүр зохион байгуулагддаг болсон бөгөөд анх Х.Баянмөнх аваргын нэрэмжит байжээ. Улмаар Увс аймгаас О.Балжинням, С.Мөнхбат нар Улсын аварга цолонд хүрснээр хүрээгээ тэлжээ. Аваргуудын нэрэмжит барилдаанд оролцохоор бусад аймаг сумдаас төдийгүй, ОХУ-ын Тува улсаас ч бөхчүүд хүрэлцэн ирэх болсон нь тус барилдаан өндөр чансаатайг илтгэж байна.
Аваргуудын нэрэмжит барилдаанд Монгол Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нар урилгаар оролцож байна.
Б.Батхүү