2048 хүүхдийн барилдаан зохион байгуулж, Гиннесийн номонд бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-16 20:50:17

Хэнтий аймгийн өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн Аварга” дэвжээнээс санаачлан ирэх онд Монгол үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэй 2048 хүүхдийн барилдаан зохион байгуулж, Гиннесийн номонд бүртгүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Ирэх оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд 5-18 хүртэлх насны 2048 хүүхдийн барилдаан зохион байгуулж Хан Хэнтий нутгийнхаа алдарт аваргуудыг дэлхий даяар сурталчлан, Гиннесийн номонд бүртгүүлэхээр “Хан Хэнтийн Аварга” дэвжээ ажилдаа шамджээ.

Энэхүү ажлын эхлэл болгож, Үндэсний бөхийн 2016 оны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах анхдугаар барилдааныг Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгууллаа.

Өсвөр үе хүүхэд багачуудыг үндэсний бөхийн спортод дур сонирхолтой болгох, бага наснаас нь хичээллүүлж хөгжүүлэх, бүрэн өмсгөлтэй үндэсний бөхийн гараа дэвээ, ёс жаяг мэхийг зааж сургах зорилготой тус тэмцээнд нийт 7 аймгийн 33 цэцэрлэгийн хоёр насны ангиллаар 240 хүүхэд хүч чадал, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьжээ.

Барилдааныг өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс санаачлан, Монголын Үндэсний бөхийн холбоо, Хэнтий аймгийн ЗДТГазар, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд, 20 дугаар зууны манлай аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон Хэнтий нутгийн бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүс хамтран ивээн тэтгэж зохион байгуулсан аж.

Тэмцээний 5 насны ангилалд Увс аймгийн Алдартан бөхийн дэвжээний бөх Д.Даваабаатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Г.Энх-Амгалан, Баянхонгор аймгийн харьяат бөх Б.Билгүүн нар эхний байруудыг эзэлсэн бол 6 насны ангилалд тэргүүн байрыг Хэнтий аймгийн Дадал сумын харьяат бөх Д.Тэмүүжин, дэд байранд Говь-Алтай аймгийн харьяат бөх  Б.Ананд, гуравдугаар байранд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат бөх О.Мухулай нар шалгарчээ.

Харин багийн дүнгээр 5 насны ангилалд Увс аймгийн Алдартан бөхийн дэвжээ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэг, Баянхонгор аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол 6 насны ангилалд багийн дүнгээр нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Дадал сумын баг, хоёрдугаар байранд Говь-Алтай аймгийн баг, гуравдугаар байранд Хэнтий аймгийн Биндэр сумын баг тус бүр шилдгээр шалгарсан байна.

Тэмцээн зохион байгуулагчид 1-10 дугаар байр эзэлсэн өсвөрийн бөхчүүдээ өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсанаас гадна баг тамирчдаа амжилттай бэлтгэж 1-3 дугаар байр эзэлсэн багийн дасгалжуулагчдыг медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.  

Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Даншигийн дархан аварга Хөлөгчийн Намжилжавын нэрэмжит болон явагдсан энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна.

 

Д.Одонтунгалаг

関連ニュース