ДОРНОД: Нүүдлийн үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-05 11:46:28

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэнг Чойбалсан хотноо энэ сарын 6-ныг хүртэл дэлгэнэ.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд дээрх үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэн тавьж байгаа юм. Хөшөө цайдам музей, Дорнод аймгийн музейн хамтран Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын нэг Түрэгийн хаант улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.


Үзэсгэлэнд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны хаан хүний хэрэглэж байсан эдлэл буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Билгэ хааны тахилын онгоноос олдсон Билгэ хааны алтан титэм, мөнгөн буга, Билгэ хааны дүү Культегин жанжны тахилын онгоноос олдсон хосгүй үнэт олдворууд багтжээ. 


Сонирхуулахад, Архангай аймгийн Хашаат сумаас олдсон Билгэ хааны тахилын онгоноос 4000 гаруй үнэ цэн бүхий олдвор, эд өлгийн зүйлс илрүүлсэн байдаг.  Энэ олдворуудаас дээрх үзэсгэлэнд мөнгөн буг, алтан эдлэлүүд зэрэг олдворыг дэлгэсэн байна. Судлаачид, Түрэг мөхөх үед Уйгарын цэрэг довтолж ирэхээс өмнө амжиж хааны онгоныг хамгаалж байсан шадар хүмүүс Билгэ хааны онгоны үнэт зүйлсийг яаран цуглуулж, нэг метр урттай нүхэнд сул асган булсан гэж үздэг. 




関連ニュース