Ц.Буянхишиг: Монгол бичгийн хичээлийг сав, шим ертөнцтэй адилтган заах нь илүү хялбар, хурдан сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх гол төлөөллийн нэг нь монгол бичгийн багш нар байдаг. Энэ оноос эхлэн хос бичигтэн болох хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан монгол бичгийн хичээлийн заах арга зүй, хурдан хугацаанд хэрхэн сурах талаар "Оюуны ирээдүй" сургуулийн Монгол хэл, бичгийн багш, доктор, зөвлөх багш Ц.Буянхишигтэй ярилцлаа.
Түүний хувьд 2017 онд "Монгол бичгийн
цагаан
толгойн үсгийг сав, шим ертөнцийн юмс үзэгдэлтэй холбон таних заах арга ба үр дүн" сэдвээр
докторын зэрэг хамгаалсан байна. Улсын хэмжээнд тухайн хичээлээр докторын зэрэг
хамгаалсан багш цөөн байдаг ажээ.
Монгол хүн бүр гурван бүлэг багц хичээлийн судлагдахуунаар сурах боломжийг нээж, ертөнцийн юмс, үзэгдэлтэй холбон адилтгах аргачлалаар сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгаа өөрийн болгожээ.

-Уншигчдадаа өөрийгөө
танилцуулна уу? Хэд дэх жилдээ
ажиллаж байна вэ?
-Намайг Цэдэндамбын Буянхишиг гэдэг. 1991 онд МУБИС төгссөн, боловсролын салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна.
Ажлын анхны гараа Сэлэнгэ аймгийн Орхон, Сант сумын 10 жилийн сургууль, ХААИС-д багшилж
байгаад 2000 оноос "Оюуны ирээдүй" сургуульд үндсэн мэргэжил Монгол хэл, бичгийн багшаар ажиллаж байна.
-Монгол бичгийн хичээлийг заах арга барилаасаа хуваалцана уу?
-Шавь нарын тухайд жилд дунжаар 300-500 гээд бодохоор их л тоо гарах байх, 1991 оноос хойш шүү дээ. Монгол бичиг заах арга зүйн талаар багш бүр өөр өөрийн арга, онцлогийн талаар ярих байх.
Манай монгол бичиг эртний бичиг. Заах арга зүйн талаар сүүлийн 30 жилд монгол бичгийн заах арга зүй, тэр тусмаа цагаан толгой заах арга зүйг эрдэмтэд хэрхэн судалсан, хэрхэн өөрчлөлт гарсан зэрэг 10 гаруй цагаан толгойн ном судлаад, түүнд дүн шинжилгээ хийсэн.
Тэгэхээр цагаан толгой заах арга зүй гэхэд л бүгд эгшиг үсгээс үздэгийг мэднэ.
Миний хувьд судалгаандаа тулгуурлах, юмс үзэгдэлтэй харьцуулж аль болох
сонирхолтой хэлбэрээр заадаг.

-Хос бичигтэй болох хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсэн.
Заах арга зүйн талаар төрөөс ямар бодлого
баримталж байна. Боловсролын системийн хөтөлбөртэй таны заах арга барил хэрхэн уялдаж байна вэ?
-Эхлээд титэмт үсэг дараа нь шилбэт үсэг гэх зэрэг багцалсан арга зүй байдаг. Миний хамгаалсан докторын зэрэг нь үүнээс тэс өөр. Яагаад гэвэл монгол хүүхэд өсөхөөсөө эхлээд сав ертөнц, тэнгэр, газар түүнтэй холбоотой байдаг.
Тодруулбал дээрх зүйлтэй ухаан орохоосоо эхлэн монгол хүн бүр танилцдаг. Тэрхүү юмс бүхэнтэй адилтгах, түүнд тулгуурлаж босоо бичиг маань зохиогдсон болов уу гэж боддог.
Жишээ нь, нарны Н гэхэд нэг, нэг цэг, сарны С үсэг нь сарны дүрстэй ижил, борооны Б үсэг нь урсаж байгаа хэлбэртэй, цасны Ц үсэг нь цасан ширхгийн хэлбэртэй байдаг бөгөөд тухайн дүр төрхийг бичиг үсэгтэй холбож гаргасан болов уу гэж миний хувьд үздэг.
Энэ нь сав ертөнцийн, шим ертөнцийн, нөгөө нь хүн ертөнцийн үсэг гээд 3 бүлэгт болгон тухайн сав, шим ертөнцийн дүрс, хэлбэр, үйл явц болгоныг хүүхэд мэдэж байгаа учраас мэддэг зүйлд тулгуурлаж хичээлээ зааж буй арга зүй юм. Тодруулбал, 3 бүлэг 8 хичээл бий. Учир нь сайн хүүхэд, чадвартай хүн 8 цагт сурах боломжтой.
Сэтгэл судлал, боловсрол судлал, хэл шинжлэлийн
үүднээс дэвшилттэй арга зүй юм.
-Та сая докторын зэрэг хамгаалсан талаар ярилаа. Хэзээ докторын зэрэг
хамгаалсан бэ? Эрдмийн ажлын гол агуулга нь юунд чиглэгдсэн бэ?
-"Монгол бичгийн цагаан толгойн үсгийг сав, шим ертөнцийн юмс үзэгдэлтэй холбон таних заах арга ба үр дүн" сэдвээр докторын зэрэг горилох бүтээл бичиж хамгаалсан.
2017 онд МУБИС-д Боловсрол судлал, сэтгэл судлалын докторын ажил хамгаалах зөвлөлийн шийдвэрээр Боловсрол судлалын доктор болсон.

Монгол бичиг сурч байгаа хүүхдэд нэг тулгамддаг, сурахад хэцүү, хүндрэлтэй асуудал бий. Тэр нь нэг үсэг эхэнд, дунд, адагт гурван өөр дүртэй байдаг. Ялангуяа кирилл бичиг үзэж байгаа хүүхдүүд эхэнд, дунд ордог үсэг байхгүй. Кирилл үсэг үзсэн, 6 дугаар ангиасаа монгол бичиг сурч буй хүүхдүүд гайхаж эхэлдэг.
Яагаад нэг үсэг эхэнд, дунд, адагт гурван өөр хэлбэртэй байдаг, энэ дүрийн цаана ямар учир, холбогдол байна вэ гэдгийг сурагчид олно гэсэн үг.
Жишээ нь аавын гэдэг үг. Титэмтэй учраас хүнтэй холбоотой, хүн ертөнцийн үсэг гэсэн үг, эхэндээ шүдтэй, дундаа шүдтэй, адагтаа сүүл орхиц болно. Энэ нь эхэн, дунд насандаа хүний шүд хэвээрээ, харин хөгшрөөд ирэхээрээ шүд нь сүүл болдог учиртай гэж энэ тухайн хэлбэрийг авсан гэж үздэг.
-Таны эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв
урьд өмнө нь хөндөгдөж байсан уу? Яагаад энэ
сэдвийг сонгох болсон бэ? Сэдэв маш өргөн шүү дээ.
-Тийм ээ. Хөндөгдөж байгаагүй сэдэв. Сав, шим ертөнцтэй адилтгасан сэдвээр доктор, магистрын зэрэг хамгаалсан ажлууд байгаагүй.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа арав гаруй жилийн өмнө Дархан
хотод ирж, монгол хэл бичгийн багш нарт сургалт хийсэн.
Тухайн сургалтад үр тариа буюу тарианы Т үсгийн талаар тайлбарласныг тод санадаг. Т үсэг эхэнд, дунд, адагт ороход ямар дүрслэлтэй байдаг талаар тайлбарлаж өгсөн. Тариа ургаж эхлэхдээ, дунд үедээ, болц нь гүйцээд ирэхээр тодорхой дүрслэлийг бий болгож байдаг. Шууд хэлээд тайлбарлах хэцүү учир та бүхэн төсөөлөөд бодоод үзээрэй. Эхэнд, дунд, адагт ордог монгол бичгийн Т үсэг тариан түрүүтэй төстэй байна уу гээд.
Харин миний хамгаалсан сэдэвтэй ойролцоо буюу сав, шим ертөнцтэй ингэж адилтгасан судалгаа байхгүй. Эртний хэл зүйн бичгүүдэд дүрс урвах, үсэг үл урвах зэргээр тайлбарласан байдаг.
-Таны хамгаалсан сэдэв, энэ аргаар ямар насны хүмүүсийг
монгол бичигт сургах нь илүү зохимжтой гэж бодож байна?
-Хэлд орсон монгол хүүхдээс эхлээд бүгд сурч чадна. Би 3 настай хүүхдэд зааж үзэж байсан. Маш хурдан дүрсийг нь тогтоочихдог.
Нэг зүйл нь сурах бичигтэй жаахан харшлаад байдаг. Учир нь миний энэ аргачлал, сургалтын хөтөлбөр сав, шим ертөнцийн тухай, сурах бичгийн агуулга нь өөр болохоор аргачлалын хувьд зөрдөг.
Гурав, таван настай хүүхдэд туршилтын хэлбэрээр зааж үзсэн. Одоо 6 дугаар ангийнханд зааж байна. Цаашлаад багш нар, албан байгууллагуудад зааж үзсэн. Монгол хүн л бол сурна. Тэр байтугай Германд байгаа монголч эрдэмтэн хүн онлайн сургалт авсан.
Дүрслэл тогтоох, сурах арга барилын тухайд хүн бүрийн өдөр тутмын амьдралд
хэрэглэж буй зүйлтэй ойр дөхөм болохоор амар хялбар гэж хэлнэ.

-Хэддүгээр ангид гол төлөв монгол
бичгийн хичээл зааж байна?
-Хуваарилсан ангиуддаа хичээл ордог. Ноднин 6 дугаар ангид орсон, мөн 9,12 дугаар ангид. Миний өөрийн дааж авсан анги монгол бичгийн улсын олимпиадад ноднин ангиараа нэгдүгээр байр эзэлсэн. Ангийн нийт хүүхдийн унших дундаж хурд 172 үг байсан. Зохион байгуулагчид дээд амжилт гэж баяр хүргэж байсан. Тэгэхээр үндэсний бичгийг аль ч насны хүн маш хурдан сурах боломжтой.
Гол нь сургуулийн сургалтын орчныг бүрдүүлэх, монгол бичиг сурч эхэлж буй сурагчдын гэр бүлийнхний идэвх чухал.
Зарим тохиолдолд хүүхэд нь сурч байхад аав, ээж, ах эгч, асран хамгаалагчид
мэддэггүй байх жишээтэй. Тиймээс бидний үндэсний бичиг, өв соёл, уламжлагдаж
ирсэн гэдэг утгаар нь сурах эрмэлзлээ нэгдүгээрт тавьж чадвал сурах олон нөхцөл,
арга барил бий. Нэг үгээр хэлбэл хичээл, зүтгэл л хэрэгтэй.
-Сурах бичгийн агуулга, чанарын хувьд хэр байна? Судлах цагийн тухайд?
-Сурах бичгүүд их олон хэвлэгдсэн. Шинэчлэгдээд заах арга барил, хүүхдийн сэтгэхүй, орчин нөхцөлд тохируулан хөтөлбөрөө боловсруулдаг байх.
Гол нь үзэж судлах цагийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. 7 хоногт хоёр цаг орж байгаа. Гэтэл сурах бичгийн агуулгын тавны нэгийг дуусгахгүй шүү дээ. Үнэхээр үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгч байгаа бол судлах цагийг нэмэх шаардлагатай.
-Шавь нарынхаа гаргасан амжилтаас товч дурдана уу?
-Маш олон амжилт бий. Манай анги есдүгээр ангид байхдаа монгол хэлний улсын олимпиадад дөрөвдүгээр байр эзэлсэн.
Монгол бичгийн уншлагын улсын олимпиадад ангиараа тэргүүн байр эзэлсэн. Аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Алтан үсгийн баяр"-т жил бүр оролцдог. Медальгүй үлдсэн жил байхгүй дээ. Оролцсон уралдаан, тэмцээн бүрээсээ медаль авдаг.

-Монгол бичгийг
сурах арга барилын талаар зөвлөгөө өгнө үү?
-Ер нь аливаа юмыг сурахад өөрийн хүсэл эрмэлзэл, хандлага, цагийн тооцоолол, сурч буй зүйлдээ зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал.
Миний монгол бичиг сурах сав, шимийн арга нь 8 цагт сурах боломжтой. Яагаад гэвэл өсөхөөс таньсан сав ертөнц, шим ертөнцийн дүр төрхийг мэдэхгүй хүн байхгүй.
Түүнчлэн үндэсний өв уламжлалаа хадгалж монгол бичгээр сонин хэвлэн гаргаж, улсын хэмжээнд хүртээмжтэй хүргэж ажилладаг "Хүмүүн бичиг" сонины хамт олонд талархал илэрхийлье.
Учир нь бид хичээл, сургалтын үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж ирсэн. Хүүхдийн унших чадварыг нэмэгдүүлэхэд үнэхээр хэрэгтэй сонин.
-Ярилцсанд баярлалаа.
Ulaanbaatar