А.Оюунгэрэл: “Шинэ Хархориум” хотын ногоон байгууламжийн ихэнхийг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-12-01 11:20:35

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас "Ойжуулалтын ажлын үр дүн, цаашдын зорилт" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр Ойн газрын ахлах мэргэжилтэн А.Оюунгэрэлтэй ярилцлаа.  

 

-Сэлэнгэ аймгийн БОГ-аас ажлынхаа үр дүнг хэлэлцсэн чухал уулзалт зохион байгууллаа. Таны хувьд хэрхэн оролцов?

-Сэлэнгэ аймаг ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийсэн ажлаа дүгнэн ярилцлаа. Бид энэ хэлэлцүүлгээр ойгоос мод шилжүүлэх ажил зөв үү, буруу юу?. Ойгоос мод шилжүүлэн суулгасан байгууллагуудын хийсэн ажил үр дүнтэй байв уу, очсон газраа ургаж байна уу? гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх. Цаашид улсын хэмжээнд үүн дээр ямар бодлого чиглэл барих талаар харилцан санал солилцлоо.

 

-Сэлэнгэ аймгийн тухайд дээрх ажил ямар байдалд байна, мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэх бол?

-Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Шинэ Хархориум” хотын ногоон байгууламж байгуулах ажлын нарс модыг шилжүүлэн суулгах ажилд голлон анхаарч байгаа. Энэ ажлын ихэнх нь Сэлэнгэ аймгаас бэлтгэгдсэн. Тэнд оролцсон, нийлүүлэгч байгууллагууд бүгд энэ уулзалт хэлэлцүүлэгт оролцож, бүгд тайлангаа тавьсан.

 

-Эдгээр байгууллагуудын ажлын үр дүнг хэрхэн үнэлэв?

-Сая 10 дугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ажлын хэсэг гараад тооллого хийсэн. Энэ тооллого ямар учиртай вэ гэхээр, хавар тарьсан моднуудын ургалт намар ямар байгаа дээр дүгнэлт хийсэн. Энд яг ямар төрөл зүйл нь ургаж байна, ямар төрөл зүйл дээр анхаарах шаардлагатай байна гэдэг дээр давхар хяналт хийсэн.


Бид шилмүүст модныхоо ургалтыг намар тарьж байгааг тоолоогүй. Нийт талбайд тарьсан модныхоо 50 хувьд тооллого хийгээд урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Ингэхэд шилмүүст модны ургалт 80-аас дээш, зарим нь 98 хувьтай ч байсан. Ихэнх модыг Сэлэнгэ аймгаас нийлүүлсэн ч 100 хувь Сэлэнгээс бол үгүй. Зарим нь импортоор нийлүүлэгдсэн мод байгаа. Мөн зарим нь бусад орон нутгаас нийлүүлсэн моднууд бий. Бид байгууллага тус бүрээр ургалтын үнэлгээг нь гаргасан.


-Мод шилжүүлэн суулгах ажил өөрөө их онцлогтой юм уу даа. Энд ярьж байгаа мэргэжлийн байгууллагуудын тайланг сонсож байхад?

-Мэдээж тодорхой стандарттай. Энд анхаарч байгаа зүйл бол 1-рт бэлтгэж байгаа газар маань хуульд заасан стратегийн чухал олдворлолт бүхий газраас мод чөлөөлөх, түймрийн хамгаалалтын зурвас байгуулах, мөн өндөр хүчдэлийн талбай, зам гаргах гэсэн 3 хэсгээс шилжүүлэн тарих модыг бэлтгэхээр орон нутагт зааж өгсөн байдаг. 


Хамгийн гол нь нэг үеэ бодоход бэлтгэж байгаа байгууллагууд техник, тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэгдсэн нь сайн талтай юм. Нөгөө талаас бэлтгэж байгаа модны өндөрт маш сайн анхаарах ёстой гэдэг дүгнэлт гарч байна.  


Эдгээр нь тарилт ургалтын үнэлгээнээс ажиглагдсан. Цаашид ингэж ойгоос ногоон мод бэлтгэх нь зөв үү гэсэн асуудал дээр ерөөсөө хуулиа л барьж хуулийн түвшинд ажиллах хэрэгтэй. 


-Та түрүүн шинэ хотын ногоон байгууламжийг байгуулахад импортын мод оруулж ирж тарьсан гэсэн. Гадаадаас үнэтэй импортын мод оруулж ирж байхаар энэ асуудлыг дотооддоо бүрэн шийдэх боломж байгаа юу?

-Шилмүүст модны хувьд манайхан ойжуулалтдаа дотоодоосоо тарьцаа ашиглаж байгаа. Энд дотоодын нөөц хангалттай бий. Ялангуяа Сэлэнгэ аймгийн хувьд. Харин ногоон байгууламж гээд ярихаар өөр. Иргэдийн амралт зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйл шүү дээ. Тэнд зугаалаад очиж байгаа хүмүүс нөгөө 20-30 см өндөртэй ойд ашигладаг тарьцыг маань биш, тодорхой хэмжээний өндөртэй, тодорхой хэмжээний үзэгдэх харагдах гоо зүйн талаасаа ч гэсэн гоё сайхан ойтой байхыг хүсдэг.


Тиймээс өнөөдөр 20 см мод тариад цэцэрлэгт алхаж зугаалаарай гэхээр хэдэн жил болох билээ. Гэтэл 2 м өндөртэй мод тарьчихаад энэ дотор амарч зугаалах орчин бүрдүүлэх хоёрт маш их ялгаатай болж байгаа юм. Цэцэрлэгжүүлэлт өөрөө гоо зүйн хувьд, модны хувьд, стандартын хувьд тодорхой шаардлагатай байдаг. Бүр улсаас заасан стандарт ч бий. Ийм учраас түүнийгээ яалтч үгүй мөрдөөд ирэхээр шилмүүст модны хувьд яг тийм өндөр, шаардлага хангасан мод, мод үржүүлгээсээ гарч ирж байна уу гэхээр хангалттай биш юм.


Энэ жилийн хувьд Хархорины хувьд 1 сая мод тарих юм. Үүний 30 хувь гэхэд 300 мянган ширхэг нь шилмүүст мод тарих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тэр шаардлагыг хангасан тийм хэмжээний өндөртэй мод байх уу гэдэг маань асуудал шүү дээ.


Гэхдээ Хархорины хувьд шилжүүлэн суулгаж тарьсан модны гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа. Харин шилмүүст модны гүйцэтгэл үлдсэн байгаа.   

関連ニュース