ДОРНОД: Ойжуулалтын тендерт ААН-үүд оролцох сонирхолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-08 13:53:37

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ойн нөхөн сэргээлтийн тендер зарласан ч амжилтгүй болжээ.


Учир нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьц суулгацын үнэ огцом нэмэгдсэн юм. Тухайлбал, 2-3 настай шилмүүст модны нэг суулгац 100-200 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 3000-5000 төгрөг болж өсжээ. Энэ асуудалд хэрхэн зохицуулалт хийж болох талаар аймгийн БОГ-аас тодруулахад, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас норматив зардлыг шинэчлэн тогтоогоогүй байна” гэв.


Бэлтгэх модны хэмжээг жилээс жилд багасгаж байгаа ч тэр хэрээр ойн нөхөн сэргээлтийг явуулах ёстой. Дорнод аймгийн хэмжээнд 2023 онд 3600 м.куб, 2024 онд 1600 м.куб, 2025 онд 1491 м.куб мод бэлтгэсэн бол ирэх онд 1342 м.куб мод бэлтгэнэ. Үүнийг ачааны машинаар бодвол “Зил 130”-аар 300 тэвш модтой тэнцэх юм.


Сонирхуулахад, түлээний модыг сийрэг кубээр бодоход нэг портерт 5 м.куб мод ачдаг. Харин “Зил 130” машинд 10 м.куб мод багтдаг. Хэрэглээний мод нь хуурай, нойтон эсэхээс шалтгаалаад мөнгөн үнэлгээ нь өөр байдаг. 

関連ニュース