ЗАВХАН: Энэ жил 447 мянга гаруй мод тарьж ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-11 17:34:39

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар, намар мод тарих ажлыг 24 суманд зохион байгуулж, 447,833 мод тарьж ургуулж байна хэмээн аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга Б.Нямцэнд мэдээлэв.


Аймгийн хэмжээнд хаврын мод тарих өдрийг зохион байгуулах чиглэл хүргүүлж мод тарих арга аргачлал, тарьц суулгацын үнийн мэдээллийг сумдад хүргүүлсэн байна. Улиастай суманд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гаргаж, тарьц суулгацаар хангасан байна. Мөн үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газрууд тарьц суулгац, зүлэг цэцгийн үр, бордоо, мод тарих аргачлалаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр хангажээ.


Улиастай сумын төрийн 61 байгууллага аймгийн төвийн Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд 2090 хайлаас тарьж усалгаа, арчилгааг хийж байна. Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа "Баян айраг эксплорэйшн" ХХК Дөрвөлжин сумын нутаг Завхан голын сав дагуу 43 га талбайд 344,015 мод тарьж арчилж ургуулж байна. Мөн тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн төв, Улиастай суманд 4 га газарт 1000 мод тарьж, тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өгчээ.


Аймгийн хэмжээнд хаврын мод тарилтаар 389,571 мод, сөөг тарьсан байна. Энэ жилийн мод тарих онцлох ажил нь тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа байсан юм.


Энэ ажилд орон нутгийн 8 ойн мэргэжлийн байгууллага оролцож иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих сургалтыг МУИС-ийн экофизилогийн тэнхимийн сургагч багш нартай хамтран танхимаар болон мод үржүүлгийн газарт дадлагаар хийж, 170 гаруй иргэнийг хамруулсан байна.


Хавар, намрын мод тарилтын хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбай, бусад байршилд 1003,6 сая төгрөг зарцуулж, 447,833 мод, бут тарьж ургуулж байна. Мод тарих ажилд 228 аж ахуйн нэгж байгууллага, 6036 иргэн оролцож, 588 өрх хашаандаа 7055 мод, бут тарьж ургуулж байна.

Дөрвөлжин сум энэ жил хамгийн олон мод тарьжээ. 

関連ニュース