БУЛГАН: Уламжлалт тоглоом наадгай нь эрт үеэс улирлын чанартай байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-04 10:07:02

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Уламжлалт тоглоом наадгай нь эрт дээр үеэс улирлын чанартай байсан бөгөөд Булган аймгийн урд сумд буюу Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Сайхан, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Орхон сумд  өвлийн улиралд “Бажий” хөлөгт тоглоомоор нааддаг байсан бол хойд сумд ихэвчлэн "Хорол" тоглодог байжээ.


Харин өнөөдөр сум бүр цас, мөсний баяр хийж мөсөн дээр шагай харвах, цана тэшүүрээр гулгах, олс татах зэрэг наадаанаас гадна амтат хээрийн цай чанаж уралдаж хэвшээд байна.


Бажий хаяж тоглох

Уламжлалт “Бажий” тоглоом нь соёлын биет бус өвийн нэгэн төрөл юм. Энэ тоглоом нь 6 явуугаар даавуун хөлөг дээр 2-6 хүн тоглодог, хамгийн ихдээ 96 нүүж байж хождог. 


Монголын уламжлалт тоглоом наадгайн төрөл зүйл болох “Бажий” хөлөгт тоглоом нь явуу хаяж 5 цагаан, 1 хар буувал бажий гэж нэрлээд 25 нүүнэ, 5 хар, 1 цагаан буувал аравт гэж нэрлээд 11 нүүнэ, 6 цагаан буувал фаар гэж нэрлээд 12 нүүнэ, 6 хар буувал чуг гэж нэрлэж .дөрвөн газар, гурван газар, хоёр хонхой зэргээр нүүж, айлын бухыг шахаж идэх аргыг оюун ухаанаа уралдуулдаг байна. 

"Бажий" тоглоомыг айл хөрш, ах дүүгээрээ тоглодог. 1980-аад оноос өмнө бол айл бүр "Бажий" тоглоомтой байсан бөгөөд энэ нь монгол хүний ой тогтоолт, гүйлгээ ухаан, сэтгэлгээний хурдыг нэмэгдүүлдэг, тоо тооллыг тоглоомоор сургадаг онцгой ач холбогдолтой байжээ.

 

Энэтхэгт шатрын түвшний тоглоом "Пачиси" үүссэн нь монгол бажийгаас эхлэлтэй гэж эрдэмтэд үзжээ. Тийм ч учраас бажий тоглоомын эртний хувилбар нь Энэтхэгт бус Монголд хадгалагдан үлдсэн байна.


Хорол тоглох

Булган аймгийн Тэшиг, Баян агт, Хангал, Хялганат, Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ сумынхан "Хорол" болон "Шагайн харваа"-гаар нааддаг байжээ. Эртний уламжлалт тоглоом "Хорол" нь хорол, чандмань, хас, гарьд гэсэн 16 гарын мод, хулгана, бар жил тус бүр 2, бусад жил 4, нийт 60 модтой тоглоом юм. Жил дарж тоглодог. Гахайг нохой, нохойг тахиа гэх мэтээр дарна. Харин хулгана бүх жилийг дийлнэ, 2-8 хүн тоглож болдог. Хэн олон овоо барьсан тоглогч, тал хождог.


Манжийн дарлалын үед харь улсын явуулгаас үндэстнээ хамгаалах зорилгоор "Хорол" буюу манай зарим нутгийнхан "Зэндмэнь" "Чандмань" гэж янз бүрээр нэрлэдэг тоглоомыг бүтээсэн түүхтэй.


Хорол тоглоомын хамгийн гол бэлгэдэлт чанар нь хамтач ёсыг эрхэмлэн дээдэлж, бие биеэ хүндэтгэн харилцан эв найртай, аж төрөхийн ухааныг илэрхийлдэгт оршино. Мөн бяцхан үрсийнхээ ухааныг тэлж, хэл ярианы баялгийг нь сайжруулах зорилгоор "Арван хоёр жил" харилцан дуулдаг байсан ажээ.


Булган аймгийн эртний уламжлалт тоглоом наадгайн талаар Булган сумын өндөр настан Ц.Лхагвасүрэн, Г.Нинжпэрэнлэй нараас энэ талаар тодруулсан юм.

 





関連ニュース