2026 оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-08 17:12:24

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар НЗДТГ-ын газраас өнөөдөр мэдээлэл өглөө.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Энэхүү “Улаанбаатар метро” төсөл нэг шугам, 19.4 км урттай. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн. Урьдчилсан шалгаруулалтад санал өгсөн компаниудаас сонгон шалгаруулахаар ажиллаж байна. 2026 оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг хийж, 2030 онд хүлээлгэж өгнө” гэв.


Мөн өртөө хоорондын зай 800 метр-1.7 км, 6.6-7.2 метрийн диаметртэй хос туннелийг хөндлөн ухалтын аргаар барина.  Нэг дор хамгийн ихдээ 29 МВт-ын суурь чадал хэрэглэхээр тооцоолсон байна. Шугамын туршид хүчитгэх дөрвөн дэд станцыг өртөөний байгууламжид байгуулж, галт тэрэг 1500 вольт хүчдэлээр ажиллахаар төлөвлөжээ. 

関連ニュース