“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Учир нь нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах,
хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах,
Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцахаар “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар хэрэгжүүлэхийг НЗДТГ мэдээлэв.
“Нэгдүгээр тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарч 24.8 км урт, 8-10 эгнээ үргэлжилнэ. Төслийн
санхүүжилт 3.2 их наяд төгрөг. Үүний 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол,
журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан. “Эрдэнэс Монгол” нэгдэл
нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын “Авто замын эхлэл, төгсгөл, эргэлтийн цэг, солбицол батлах
тухай”, “Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга
хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн санхүүжилтийг нь гаргах ажээ.
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг
хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг урагшлуулахад хамтран ажиллана. Төслийн
анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад
орсноос хойш 7 жилийн дараа нөхөгдөнө.
Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний
үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
“Нэгдүгээр тойрог зам” төслөөр 24.8 км авто замаас гадна 9 км гүүрэн байгууламж, 2 км тунел барина. Үүний бэлтгэлийг энэ онд базаагаад 2026 оноос барилгыг нь барьж, 2028 оны 12 дугаар сард төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар хотын төвийн авто замын түгжрэлийг 20-25 хувиар багасгахаар тооцжээ.
Ulaanbaatar