ОРХОН: Хяналт шалгалтаар хаяг шошго, бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан зөрчил их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-17 16:11:43

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 403 аж ахуйн нэгж, томоохон  300 гаруй хүнсний дэлгүүр байдаг.  


Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл /ресторан, лоунж/-ийн  аж ахуй эрхлэгч, иргэдийн бараа бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 5-наас эхлэн явуулж байна. 


Аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, ХХААГ, ЭМГ, МЭГ болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг хамтран явуулж байна.


Хяналт шалгалтаар ихэвчлэн хүнсний аюулгүй байдлын хувьд хугацаа дууссан, хаяг шошгийн тодорхойгүй зөрчлөөс гадна эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчлүүд ихээхэн гарч байна. Үүнээс үүдэн үйлчилгээний газруудад заавар зөвлөмж хүргэн, хоол үйлдвэрлэлийн нэг, үйлчилгээний газрын эрхийг түр түдгэлзүүлжээ. 


Иргэдэд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, хаяг шошгийн мэдээллийг уншиж шалгах, хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа анхаарал болгоомжтой хандахыг иргэдэд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлөө. 






関連ニュース