ЗАВХАН: Улиастайн 7600 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр усаар хангаж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ЦЭНХЭР АЛТ
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймаг жилд 1700,85 м.куб усыг хүн амын унданд хэрэглэж байна.
Аймгийн төв, Улиастай сумын хэмжээнд нийт 237 байгууллага, аж ахуйн нэгж, 45 орон сууцны 1701 өрх, гэр хорооллын 5612 өрх цэвэр ус ашиглаж байна.
Цэвэр ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж иргэдийн 80 гаруй хувь нь сард төлдөг усны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна. Манайхаас хэрэглэгчдийн хэрэглэсэн цэвэр усны төлбөрийг цаг хугацаанд нь төлөхийг шаардаж, зарим үед хариуцлагын гэрээ байгуулдаг. Гэсэн хэдий ч иргэд, аж ахуйн нэгжүүд жил бүр өр авлага үүсгэж байна. Оны сүүлийн сард ч хэдэн жилийн өр авлагатай аж ахуйн нэгж иргэд байсаар байгаа нь харамсалтай.
Усны төлбөр 2024 оноос нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүд 4500 төгрөг төлдөг байсан бол энэ жилээс аж ахуйн нэгжүүд 1 м.куб нь 6500 төгрөг төлж байна. Улсын байгууллагуудын усны төлбөр нэмэгдээгүй хуучнаараа байгаа юм. Мөн айл өрхүүдийн усны төлбөр ч нэмэгдээгүй байна. Өнөөдөр өрхүүд 1 м.куб нь 1000 төгрөг, задгайгаар нэг ам бүл 13520 төгрөг төлж байна. Гэр хорооллын ус түгээх цэгээс 1 литр усыг хэрэглэгчид 2 төгрөгөөр авч байна. Одоогоор усны төлбөр дахин нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна гэж "Амь ус" ХХК-иас мэдээлэв.
Завхан аймгийн газар доорх усны нөөц нь 1140 сая м.куб, харин гадаргын усны нөөц нь 3160 сая м.куб. Аймгийн төв, Улиастай сумын тухайд, ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудад жилд, нийт 365000 м.куб усыг олборлодог.
Харин инженерийн шугам сүлжээнд холбогдсон 1530 өрхийг төвлөрсөн шугам сүлжээгээр жилд 256560 м.куб, нийт өрхийн 88,3 хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхөд нийт 21 ус түгээх байранд, автомашинаар цэвэр ус зөөвөрлөн 24 цагийн турш 40180 м.куб цэвэр усыг түгээж байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 188 аж ахуйн нэгж байгууллага, 732 өрх тоолууртай байна.
Ulaanbaatar