ӨМНӨГОВЬ: “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-25 14:28:27

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор "Боловсрол Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрийг энэ оны хэмжээнд багшийн хөгжил, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд 31 багшийн бүтээлч төслийг дэмжин хэрэгжүүлжээ. Мөн гадаадын шилдэг туршлагыг орон нутагтаа нутагшуулах зорилгоор 57 багш, ажилтныг олон улсын туршлага судлах үйл ажиллагаанд хамруулсан байна.

 

Сургуулийн эрүүл ахуйн чиглэлд 17 сургуульд шүд угаах орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл дадлыг дэмжсэн бол “Зүрх сэтгэлийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж 3-5 насны 1049, 1-5 дугаар ангийн 623, нийт 1672 хүүхдийг хамруулжээ.

 

Харин “Сайн хүүхэд” хөтөлбөрт 2782 хүүхдийг хамруулж уг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн 10 багшийн 5 нь ажлын байраар хангагдан ажиллаж байна.

 

Тус хөтөлбөрүүд нь багш, сурагчдын арга зүй, төлөвшил, харилцаа, эерэг хандлагыг дэмжих, хүүхэд бүрийг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм. Хөтөлбөрийг 2028 он хүртэл үргэлжлэн хэрэгжүүлнэ.


Өмнөговь аймгийн боловсролын салбарын хувьд цэцэрлэгийн хамран сургалт сүүлийн таван жилд 10 пунктээр нэмэгдэж, улсын дунджаас давсан үзүүлэлт гарчээ. ЕБС-ийн хамран сургалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалт  өссөн хэдий ч Ханбогд, Цогтцэций, Даланзадгад зэрэг төвлөрөл ихтэй сумдад цэцэрлэг, сургуулийн ачаалал нэмэгдэж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо дунджаар 31.1 болж өссөн байна.

 

関連ニュース