Сумын ИТХ-ын төлөөлөгчид номын дуу сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн ИТХ-аас УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шатыг эхлүүлж байна.
Тодруулбал, “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний сургалтыг 2016-2017 онд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний сургалт Шаргалжуут рашаан сувилалд боллоо.
Дээрх төслийн хүрээнд Баянхонгор аймгийн нийт сумын ИТХ-ын төлөөлөгчдийг орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор үндсэн 4 гол сэдвийн хүрээнд чадавхжуулжээ. Тодруулбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах зэрэг сэдвээр мэдлэг, чадвар олгожээ.
Сургалтыг үндэсний сургагч багш Д.Юндэнбазар, үндэсний сургагч багш, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, үндэсний сургагч багш, Өмнөговь аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга н.Мядагсүрэн нар удирдан явуулсан байна.
Б.Мөнхзул