“Үзүүр гялан”гаас олдсон хадны оршуулга Х зууны үеийн эмэгтэйнх болохыг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМЭӨ ХIII зуун болон дундад зууны үед хамаарах олдворуудыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвд шилжүүлэн өгчээ.
Ховд аймгийн Музей, Ховд Их сургуулийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хадны гурван ширхэг оршуулгын олдворыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвд шилжүүлэн өгөхөөр боллоо.
2008 оноос хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрээс 10-аад хадны оршуулга малтлагын явцад олдсон байдаг. Тэдгээрийн нэг нь 2014 онд ХИС-ийн багш судлаачдын хийсэн авран хамгаалах археологийн малтлагаар олдсон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Улаанговийн эхний Гоожуурийн хадны оршуулга юм.
Малтлагын явцад хүний бүтэн араг яс, хөдсөн дээлний хэсэг, модон авс, эмэгтэй хүний богтого, малгайны үлдэгдэл зэргийг нь үндэслэн уг олдворыг ХIII зууны үед холбогдох, эмэгтэй хүний оршуулга хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон. Харин хоёр дахь олдвор нь Ховд аймгийн Мянгад сумын Зээрэн нуурын Цахирын хадны оршуулга юм. Уг олдворыг 2016 оны 08 сард ХИС, аймгийн Музейн хамтарсан судалгааны багийнхан Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр илрүүлжээ. Энэхүү олдвор нь урьдчилсан байдлаар дундад зууны үед хамаарна гэж үзэж байгаа юм.
Гуравдахь олдвор нь Ховд аймгийн Мөст сумын Улаан давын хадны оршуулга юм. Уг олдворыг 2013 онд Ховд аймгийн МХГ-ын төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд, тус байгууллагын санхүүжилтээр авран хамгаалах археологийн малтлагыг ХИС-ын судлаачид, Ховд аймгийн Музейн мэргэжилтнүүд хамтран хийсэн байна.
Дээрх олдвор нь урьдчилсан байдлаар дундад зууны үед хамаарах оршуулга бөгөөд хүний араг ясны үлдэгдлүүд, ясан нум сумны зэв, эмээлийн бүүрэгний үлдэгдэл, юу болох нь тодорхойгүй модон эдлэлүүдийн үлдэгдэл, нарийн савхан модоор хийсэн авсны үлдэгдэл зэрэг олдворууд олдсон байна.
Дээрх олдворуудыг Монгол Улсын ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран ХБНГУ-д он цаг тогтоох, ДНК тодорхойлох судалгаа хийлгэхээр явуулж байна. Энэ нь түүх соёлоо сэргээж, нөхөрлөн бичих ач холбогдолтойгоос гадна түүхийн мэдээлэл гаргах боломжтой болно.
2015 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Үзүүр гялан гэх газраас олдсон хадны оршуулгыг бас хамт шинжилгээнд явуулах юм байна.
Судалгааны хариу ирэх 2017 онд багтаж гарна гэсэн ерөнхий мэдээллийг мэргэжилтнүүд өгч байна..
Сонирхуулахад, 2015 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг "Үзүүр гялан" гэх газраас олдсон хадны оршуулгыг АНУ-д он цаг тогтоолгоход Х зууны үед хамаарах 18-25 насны эмэгтэй хүн гэсэн хариу гарчээ.
А.Бямбасүрэн