Б. Батзолбоог Сүхбаатар аймгийн Хүндэт тэмдгээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-15 16:13:30

Дэлхийн оюутны 3х3 аварга шалгаруулах гурав дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртсэн багийн гишүүн, Сүхбаатар аймгийн харьяат Б.Батзолбоог өнөөдөр аймгийн удирдлагууд болон аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/394 захирамжаар Боргилын Батзолбоог аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнав. Тэрээр Сүхбаатар аймгийн 60 мянган орчим хүнээс 330 дахь хүндэт тэмдэгтэнээр ийнхүү нэрлэгдлээ.

Б. Батзолбоо хэлэхдээ “Би 12 настайгаасаа эхлэн сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байгаа, энэ хугацаандаа олон амжилт гаргасан. Хамгийн том амжилт маань энэхүү ДАШТ байлаа. Ер нь хүн өөрөө хүссэн, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэвэл амжилтад хүрдэг. Тиймээс дүү нартаа зорилгодоо үнэнч байгаарай гэж захимаар байна. Мөн намайг ингэж халуун дотноор хүлээн авч байгаа аймаг орон нутгийнхаа удирдлага, холбогдох хүмүүст баярлаж байна. Одоогоор би Ази тивийн АШТ-д явахаар бэлтгэлээ хийж байна. Надад итгэл хүлээлгэж байгаа энэ олон хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно” хэмээн ярилаа.

2016 он  Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын салбарынхны хувьд өндөр их амжилттай жил байлаа. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 7, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 гээд нийт 13 медалийг тив, дэлхийгээс хүртжээ. Тиймээс спорт болоод бусад бүхий л салбарт энэ адил амжилт гаргасан хүмүүсээ нэгдсэн журмаар хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ. Ер нь цаашдаа тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдаа дэмжих, бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх  зорилгоор тусгай сан байгуулж ажиллана. Энэ талаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байгааг  аймгийн Засаг дарга З. Энхтөр энэ үеэр танилцуулсан юм.

Т. Одончимэг

関連ニュース