Сумын барилгууд хуучирч мууджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-16 23:21:37

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд байшин барилгуудын хуучралт асуудал үүсгэж байна.

Тухайлбал, тус сумын соёлын төвийн барилгыг аж ахуйн аргаар 2003 онд ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар хананд хазайлт үүсч, даацийн гол нуруу дотогшоо хотойж орж ирсэн байдалтай байна. Улсын комиссоос хэд хэдэн удаа актлах дүгнэлтийг гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн М.Билэгт тус суманд соёлын төвийн барилга барьж өгөхөө илэрхийлсэн тул сумын иргэд хүлээлттэй сууна.

Өөр нэг барилга хүнд байгаа нь мөн сумын Дэлгэрбаян сургуулийн дотуур байрны барилга. 1983 онд баригдсан тус барилгын дээвэр муудсанаас бороо цастай үед дотогшоо ус нэвтэрч, хананд ан цав, мөөгөнцөр үүсчээ. Бага хэмжээний засварыг тухай бүрд нь хийдэг боловч тэр нь удалгүй хуурч унадаг байна.

Мөн сумын Эрүүл мэндийн төвийн барилга ч мууджээ. Хананд ан цав үүссэнийг төмрөөр боож чанагалах замаар тогтоосон байна. Хоёр өрөөний таазнаас нуралт үүсч байжээ. Тиймээс Хүрээмарал суманд дээрх барилгуудыг шинэчлэх шаардлагатай байгааг сумын удирдлагууд уламжилж байна.

Б.Мөнхзул

関連ニュース