2016 онд дэлхий дахинд болсон 10 гол үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг онцолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-19 00:41:50

1.Террорист халдлагууд газар авав

2016 он гарснаас хойш дэлхийн цөөнгүй улс оронд тухайлбал, Бельги, Франц болон Турк улсад олон хүний аминд хүрсэн террорист халдлагууд боллоо.

Энэ оны гуравдугаар сарын 22-ны өглөө Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал болон метроны буудалд “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогчид гурван удаа дэлбэрэлт үйлдсэн юм. Эдгээр террорист халдлагын улмаас 32 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан билээ.

Зургадугаар сарын 28-нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас 45 хүн амь үрэгдэж, 230 гаруй хүн шархадсан юм.

Долдугаар сарын 14-нд Францад үндэсний баяр болох “Бастилийн өдөр”-ийг тэмдэглэхээр цуглараад байсан иргэд рүү ачааны машинтай этгээд дайрч, 84 хүний амийг хөнөөсөн байна. 

2. АНУ-Кубын харилцаа сэргэж, Б.Обама Кубад айлчлав

Кубатай харилцаагаа хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны 12 дугаар сард мэдэгдсэнээс хойш хоёр орны харилцаанд алгуур боловч дэвшил гарсаар байна.

Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Б.Обама Кубад түүхэн айлчлал хийсэн юм. Хоёр орны хооронд хэдэн арван жилийн турш үргэлжилсэн дайсагналыг бий болгосон 1959 оны хувьсгалаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Кубын нутагт анх удаагаа хөл тавьсан нь энэ байлаа. Б.Обама Кубын төрийн тэргүүн Рауль Кастротой уулзаж, худалдаа болон улс төрийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцээ хийжээ.

АНУ-Кубын харилцааг сэргээн бэхжүүлэхэд хүний эрх болон ардчиллын талаарх санал зөрөлдөөн саад тотгор болсоор байна гэж Б.Обама мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боловч бүрмөсөн цуцлах эсэх нь санал зөрөлдөөнөө хоёр тал хэр богино хугацаанд даван туулахаас шалтгаалах ажээ.

3.Их британичууд ЕХ-ноос гарахыг дэмжлээ

Энэ оны зургадугаар сарын 23-нд Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга боллоо. Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь ЕХ-ноос гарахыг дэмжсэн бол 48 хувь нь ЕХ-нд үлдэхийн төлөө саналаа өгөв. Ингэснээр Их Британи нь ЕХ-ноос гарахаар шийдсэн анхны улс болсон юм.

ЕХ-ноос албан ёсоор гарах асуудлаарх хэлэлцээг хоёр жилийн дотор хийж дуусгах ёстой. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй-гийн мэдэгдсэнээр, ЕХ-ноос гарах асуудлаарх хэлэлцээг ирэх оны гуравдугаар сард хийснээр тус улс ЕХ-ноос албан ёсоор гарах юм.

 

4.“Рио-2016” Олимпын наадам амжилттай болж өнгөрлөө 

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXI наадам энэ оны наймдугаар сарын 5-21-нд Бразил улсад боллоо.

Шумуулаар дамждаг “зика” вирус тархаж, эдийн засгийн хямрал улам даамжирч, төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч Дилма Руссеффыг албан тушаалаас нь түдгэлзүүлэхэд хүрээд байсан хэдий ч Өмнөд Америкийн 200 сая гаруй хүнтэй энэ улс Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан юм.

“Рио-2016” наадамд нийт 206 улс болон засаг захиргааны тусгай бүсийн 10 500 гаруй тамирчин оролцлоо. АНУ-ын баг тамирчид нийт 121 медаль хүртсэн амжилтаар албан ёсны бус багийн дүнгээр тэргүүлсэн бол БНХАУ 70 медальтайгаар хоёрдугаар байрт,  Их Британи 67 медальтайгаар гуравдугаар байрт шалгарсан юм.

Орос, Герман, Франц, Япон, Австрали, Итали болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор эхний 10-т багтсан бол Монгол Улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 67 дугаар байрт жагслаа.

Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт тамирчид нь хамрагдсан гэсэн шалтгаанаар Оросын хөнгөн атлетикийн баг тамирчдын Олимпын наадамд оролцох эрхийг хассан билээ.

5.Колумб улсад хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн зогслоо

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "ФАРК" /Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин/ босогчдын бүлэглэлийн ерөнхий командлагч Тимолеонт Хименес нар энэ оны есдүгээр сарын 26-нд Картегана хотод энхийн гэрээнд гарын үсэг зурснаар тус улсад 52 жилийн турш үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон юм.

Сөргөлдөгч талууд Кубын нийслэл Гавана хотод дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд хөдөөгийн хөгжил, улс төр дэх "ФАРК"-ийн оролцоо, зөрчил мөргөлдөөнд цэг тавих, мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох гэсэн таван зүйл заалтыг тусгажээ.

1960-аад оны үед газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар Колумбын Засгийн газар болон "ФАРК" бүлэглэлийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дайжихад хүргэсэн байна.

Иргэний дайныг зогсооход гаргасан хүчин чармайлтыг нь үнэлэн Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг энэ оны Нобелийн Энх тайвны шагналтнаар тодруулсан билээ. Тэрбээр уг шагналыг дагалдуулан олгодог 8 сая крон буюу 925 мянган долларыг иргэний дайнд хохирсон хүмүүст хандивлахаа мэдэгджээ.

6.Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болов

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр боллоо.

Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.

Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилт тавьсан юм.

7.Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов

11 дүгээр сарын 8-нд болсон АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн тэрбумтан Дональд Трамп яллаа.

Хууль бус цагаачдыг улс орноосоо хөөн гаргаж, терроризмоос сэргийлэх үүднээс лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрээр гаргаж буй асар их зардлыг танах, Номхон далай дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс улс орноо гаргах зэрэг амлалтуудыг өгч байсан тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

8.БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуд НҮБ хоригоо чангатгав

Он гарснаас хойш удаа дараа баллистик пуужин хөөргөн туршиж, есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ 11 дүгээр сарын 30-нд баталлаа.

Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд БНАСАУ-аас жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. Мөн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг хориглосон байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өөр ямар ч улсын эсрэг ийм хатуу хориг арга хэмжээ авч байгаагүй юм.

Энэ тогтоолыг улс орнууд тууштай дагаж мөрдсөн тохиолдолд Умард Солонгосын олдог гадаад валютын хэмжээ жилд 800 сая доллароор буюу бараг 25 хувиар буурна гэж ажиглагчид үзэж байна.

9.Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэв

Дотны найз нь холбогдсон авлигын дуулиан шуугианд Ерөнхийлөгч Пак Гын Хэ холбоотой гэж прокурорууд мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын парламент Пакт итгэл үзүүлэх эсэх асуудлаар 12 дугаар сарын 9-нд санал хураалт явуулж, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүллээ.

Тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн 300 гишүүний 234  нь Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг дэмжиж, 56 депутат эсэргүүцсэн санал өгсөн бол 2 депутат түдгэлзэж, 8 саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.

Одоо тус улсын Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэхийг 180 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус улсын Ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.

10. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд нефть олборлолтоо бууруулах шийдвэр гаргав

12 дугаар сарын 10-нд Вена хотноо болсон бага хурлын үеэр ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улсууд нефть олборлолтоо танах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь 2001 оноос хойш анх удаагаа эдгээр орнууд нефть олборлолтоо багасгаж байгаа хэрэг юм. 

Хэлэлцээрийн хүрээнд ОПЕК-ийн гишүүн улсууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн оны эхний хагасын хугацаанд өдөрт олборлож буй нефтийн хэмжээгээ 1.2 сая торхоор бууруулахаар болсон байна. Харин ОПЕК-ийн гишүүн бус улсууд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 550 мянган торхоор бууруулахыг зөвшөөрчээ.

Энэ шийдвэр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Г.Доржханд

 

 

関連ニュース