Жижиг бизнес эрхлэгчдийн санаачилгыг бодлогоор дэмжихийг хүсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Баруун бүсийн төв зах дээр борлуулж байгаа хүнсний ногооны үнэ ханшийг судалж, зарим худалдаачидтай уулзахад худалдан авалт тааруу байгааг хэлж байв.
Бидний өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний ногоо энэ оны 12 дугаар сарын 15-ны байдлаар төмс, лууван, манжин 1кг нь 500 төгрөг, байцаа 1000, ягаан сонгино 3000, шар сонгино 2000, уулын сонгино 4800, монгол сармис 1кг нь 25000, хятад сармис 10000 төгрөгийн үнэ ханштай байна.
Ногооны худалдагчидтай уулзах үеэр өмнөх жилүүдтэй харьцуулахад худалдан авалт эрс муудсан тухай хэллээ.
Нэрээ нууцлахыг хүссэн ногооны худалдагч “Миний хувьд хоёр цэцэрлэгт сайн чанарын ногоо нийлүүлдэг. Татварын албанд байнга 6000 төгрөг тушаадаг. Өнөөдөр зах дээр ногоо хамгийн хямд бөгөөд ашиг багатай наймаа. Гэтэл ногооны үнэ хямд, худалдан авалт муудсан энэ цаг үед татвараа төлчихсөн байтал дахин цэцэрлэгт нийлүүлсэн ногооны үнийн 10 хувийн шимгэл авч байгаад, янз бүрийн хураамж, төлбөр төлөх шаардлага гарч ирсэнд иргэн хүний хувьд сэтгэгдэл дундуур байна” гэв.
Шинэ жил,баяр ёслол болох үеэр хүнсний ногооны ханш дээрх үнээс 1-2 дахин өсч, орон нутгийн хөрсөнд нутгийн ногоочдын тарьсан ногоо ховордож, урд хөршөөс төрөл бүрийн ногоо орж ирэх тохиолдол байдаг.
Энэ байдлыг орон нутгийн хүнсний ногоо зарж борлуулдаг худалдаачид, нийлүүлэгч тариаланчид эсэргүүцэж төрийн байгууллагад санал хүсэлт тавьдаг боловч хятад ногооны зах зээлийг хумиж тодорхой зохицуулалт хийдэггүй.
Зарим туршлагатай ногооны худалдаачид хятадын зах зээлээс орж ирж байгаа алим, жимс, салбан байцаа, өргөст хэмх зэрэг хүнсний ногоог хүлэмжийн аж ахуйн аргаар орон нутагт тарих боломж бий. Гэтэл жижиг бизнес эрхлэгчдийн санаачилгыг бодлогоор дэмжих, зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа гэдэг тайлбарыг хэллээ.