Орчны цасаа цэвэрлээгүй тохиолдолд торгууль оногдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-21 18:05:18

Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр Баянхонгор хотын төвд ахиу хэмжээгээр орсон цасны улмаас нийтийн хөдөлгөөнд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэл бий болж байна.

Тиймээс Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшилүүд эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 метр газрыг цэвэрлэхийг Баянхонгор сумын ЗДТГ-аас анхааруулж, хяналт тавин ажиллаж буй. Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны цасаа цэвэрлээгүй тохиолдолд холбогдох журмын дагуу торгууль оногдуулах аж.

Мөн хуваарьт газрынхаа цасыг цэвэрлээгүйн улмаас тус газарт явган хүн бэртэж гэмтэх болон болзошгүй осол, аваар гарвал тухайн аж ахуйн нэгж байгууллагаар хохирлыг төлүүлэх юм.

Дашрамд дуулгахад, аймгийн Засаг даргын зөвлөмжөөр бүх байгууллага гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж, цас цэвэрлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах үүрэг хүлээдэг болсон. Үүнтэй холбогдуулан Баянхонгор сумын Засаг дарга бүх албан байгууллага өөрийн хуваарьт газруудынхаа зам, талбайн цасыг цэвэрлэх тухай захирамжилжээ.

Б.Мөнхзул

関連ニュース