Хөгжил Политехник коллежийн захирлыг өөрчиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын тушаалаар Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирал Д.Баярмааг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томиллоо.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын тушаал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын албан тоотын дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус коллежийн захирлын ажлыг албан ёсоор хүлээлцлээ.
Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Т.Дэлгэрсайхан дунд сургуулийн багшаас эхлээд сургуулийн эрхлэгч, захирал, аймгийн Боловсрол, Соёлын газрын дэд дарга, даргаар ажиллаж байсан ажлын дадлага, туршлагатай.
Ховд Политехник коллеж 70 гаруй жилийн түүхтэй, 130 орчим багш ажилчидтай, 1000 гаруй оюутан суралцагчидтай, одоогоор баруун бүс нутагтаа дипломын болон мэргэжлийн боловсрол олгодог шаталсан сургалт явуулж буй томоохон сургуулийн нэг. Шинээр томилогдоод байгаа захирал Т.Дэлгэрсайхан эрдэмтэн багш нартай нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж, сургалтын болон бусад үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, салбартаа гаргаж байсан ололт амжилтыг нь улам бүр ахиулан ажиллахаа илэрхийллээ.
А.Бямбасүрэн