Монголын есөн гайхамшгийн нэг Гурван сэнхэрийн агуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-13 11:49:21

Хойд цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий.

Гурван сэнхэрийн агуй цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон ба дотор талын өндөр нь 15 метр аж. Агуйн хананд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул зэрэг олон амьтны дүрс зураг бий.

Монголын аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, БСШУЯ, МҮХАҮТ, Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгон төлөвшүүлэх, Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жууулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын 9 гайхамшгийг орон даяар зарлаж, олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулсан юм.

Агуйн хананд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул зэрэг олон амьтны дүрс зураг бий.  Агуйн ам голын хөндийгөөс дээш 100м өндөрт  зүүн тийш харсан байрлалтай. Агуй нь ягаавтар  өнгөтэй гантигжсан венд-кембрийн үеийн настай шохойн чулуунд үүсэж бий болсон ба элэгдэл эвдрэлд маш бага оржээ. Хойд  Цэнхэрийн  агуй  хоёр  салаа, үүний  нэг  нь  130 метр,  нөгөө  нь  90  метр  урт  юм.  Өргөн  өндөр  нь  газар  бүрд  харилцан  адилгүй  бөгөөд  дунджаар  3-4  метр  өргөн, 2-3  метр өндөр  боловч  зарим  нэг  газраа  намхан   тул  хүн  мөлхөж  ороод  цааш  явахад   өргөн  өндөр  нь нэмэгдэж  босоо  явах  боломжтой  болдог  юм.  Ийм  салаа  байдалтайг   үндэслэн  энэ    агуйг  их  бага  хоёр  агуйнаас  бүрдэнэ  гэж  үздэг  тал  ч  бий. Том агуйн эхний  заалны өндөр 15м өндөр юм. Зурагтай танхимын  диаметр 16.0 м юм. Эхний том танхимын хойд талын  булангаас  доош 2,5 м өндөр босгоор  буун хойшоо эргэж 18.0м урт гол хонгилоор  дамжин  орох  ба үүнээс  цаашаа агуй нарийсаж  үргэлжилдэг юм. Агуйн амаар ороход  олон  арван жил  хуримтлагдан үлдсэн  маш  их хэмжээний  сангас  бий. Их танхимын хойд булангаас агуй цаашаа салаалан  үргэлжилдэг ба салаа агуйн гол  хонгилын дотор талын хана таазанд шохойн жонш маш их бий.

Одоогийн байдлаар Гурван сэнхэрийн агуй орчимд аялал жуулчлалын чиглэлээр зочид буудал, хоолны газар, олон үндэстэн ястны хувцасны үзмэр, дэлгүүртэй болгож тохижуулсан төдийгүй чацарганы төгөл байгуулж, аялагчид байгалийн жимс түүж, чацарганаар хийсэн төрөл бүрийн ундаа жүүс хэрэглэх зэрэг ая тухтай орчин бүрдсэн байдаг.

А.Бямбасүрэн

関連ニュース