Архангайн Ойн анги байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-31 16:40:33

Аймгийн Засаг даргын шууд удирдлагад ажиллах Архангайн Ойн ангийг байгуулжээ. Ингэхдээ Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад байсан гурван ойн ангийг татан буулгаж, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн нэгтгэсэн байна. Энэ ойн ангийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм.

Ойн ангийг түшиглэсэн иргэдийн бүлгийг ажиллуулах юм байна. Аймгийн төвд тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй гурван бүлэг байгуулж, ногоон байгууламжуудыг сайжруулах, олшруулах, сэргээх ажлыг хийлгэх юм. Тодорхой ажлын байрыг бий болгох эдгээр бүлгийн урамшууллыг Байгаль хамгаалах сангаас гаргаж, үйл ажиллагааных нь үр дүнгээр олгох ажээ.

Ойн ангид мэргэжлийн инженерүүд ажиллаж, бүлгүүд болон сумдын салбарыг чадавхжуулах юм байна. Мөн иргэдэд мод бут, жимс жимсгэнэ тарих зөвлөгөө өгч ажиллах юм.

Өмнө нь сумдын ойн ангиуд 17 хүнтэй ажиллаж байсан бол одоо 13 орон тоотой болсон. Энэ нь орон тооны хувьд хэмнэгдсэн ч чадамж сайжирсан гэж аймгийн Засаг дарга хэлж байна.  

О.Амарзаяа

関連ニュース