Өвчний улмаас хорогдсон малын тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт энэ онд нийт 3 сая 30,5 мянган мал өвөлжиж байгаа. Энэ өвлийн хувьд малын хорогдол урьд жилийнхээс буурсан ч, өвчний улмаас хорогдсон малын тоо эрс өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Малын хорогдол 2017 оны эхний нэг сарын байдлаар 2,5 манган толгой болж, өмнөх оноос 14,3 мянган толгой буюу 85,1 хувиар буурсан байна. Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 34, үхэр 144, хонь 1,5 мянга, ямаа 841 тус тус хорогджээ. Одоогоор тэмээний хорогдол гараагүй байна.
Тус аймагт малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсны улмаас өвчнөөр хорогдсон малын тоо харин 4,2 дахин өссөн байгаа юм. Өвчнөөр зөвхөн нэгдүгээр сард гэхэд 771 мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 586 толгойгоор өссөн байгаа юм.
Аймгийн хэмжээнд цасны зузаан урьд жилүүдийнхээс харьцангуй бага, хүйтний эрч ч сул байгаа. Хэд хэдэн сумдад цагаанаар зудархуу байдалтай байгаа ч хүндэрсэн байдал одоогоор гараагүй байна. Тиймээс мал онд сайн орж байна.
Т. Одончимэг