Насан туршийн боловсролд 451 суралцагч хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-17 12:13:28

Архангай аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд насан туршийн боловсролд 451 суралцагч хамрагдаж байна. Тэдгээрээс бага боловсролд 59, суурь боловсролд 195, бүрэн дунд боловсролд 197 нь хамрагдан суралцжээ.

Насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрийг аймгийн хэмжээнд ЕБС-ийн системээр өдрийн буюу танхимаар хэрэгжүүлдгээрээ бусад аймгаас онцлогтой юм.

Аймгийн хэмжээнд Насан туршийн боловсролын төвд таван хүн, бүх сумын сургуулийг түшиглэсэн насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 19 багш ажиллаж байна.

Сумдын нэгжийн багш нар алслагдсан хөдөөгийн суралцагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр болон ганцаарчлан хичээл заадаг байна. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд насан туршийн боловсролын дүйцэн хөтөлбөрт 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагджээ.

Энэ төвийн багш нарт сургалтын танхим, унаа байхгүйгээс төлөвлөсөн цагтаа сургалт зохион байгуулахад хүндрэл гардаг байна.

Насан туршийн боловсрол нь албан боловсролоос эхлээд албан бус болон амьдрах орчноос суралцах боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц юм. Өөрөөр хэлбэл хэн нэгний бий болгосон, эсвэл аль нэг тогтолцоог илүү дэмждэг боловсролын систем биш юм. Насан туршийн боловсрол нь бичиг үсгийн болон гэр бүлийн, урлаг, гоо зүйн, амьдрах ухааны зэрэг өргөн хүрээг хамарч, нас хязгаарлахгүй суралцах боломжийг олгодог байна.

О.Амарзаяа

 

関連ニュース