“Хаврын өнгө-2017” үзэсгэлэн худалдаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймагт XYII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Хаврын өнгө-2017” үзэсгэлэн худалдаа энэ оны 2 сарын 17-20-ныг дуустал гурван өдөр үргэлжиллээ.
Уг үзэсгэлэнг Ховд аймгийн ЗДТГазар Хөдөө аж ахуйн газар зохион байгуулж, хүнсний төрөл сүү цагаан идээний үзэсгэлэн Жүдо бөхийн ордонд, үндэсний хувцас, эсгий урлал зэрэг жижиг дунд үйлдвэр эрхэлэгчдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Домбот хотхонд” явагдлаа.
“Хаврын өнгө-2017” үзэсгэлэн худалдаанд цагаан сард зориулан тус аймгийн 17 сумын төлөөлөл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцож “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “ уриан дор зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд цагаан сард зориулсан торгууд гүрмэл, ул боов, еэвэн зонхилж нэг тавгийн идээ 30,0-60,0 мянган төгрөгийн ханштай байсан бол цагаан идээ ааруулаар хийсэн тавгийн идээ 150,0-200,0 мянган төгрөгийн ханштай байв. Мөн хорхой ааруул 1 кг нь нь 12,0-14,0 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд зарим нь гурилны хольцтой байна хэмээг худалдан авагчид шүүмжлэв.
Мөн чацараганы шүүсийг савласан, том том бидон саванд хийж, үзэсгэлэнгийн гадна дотно зарж байгаа нь чацаргана тариалалт нэмэгдсэнийг харуулж байгаа ч баруун хилээс /хятадаас/ оруулж ирсэн өнгө будагны хольцтой чацарганы жүүс ихээр харагдаж байсан юм.
Жинхэнэ гар аргаар хийж зун, намар бэлтгэж хураасан малчдын гарын ааруул 1 кг нь 14,0-15,0 мянган төгрөгийн үнэтэй, аарц 1 кг нь 6,0 мянган төгрөгийн ханштай худалдаалж байв.
Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн хиамны төрөл бүрийн бүтээгдэхүүн, ногооны салат, хийж худалдааллаа.
Хөлдөөсөн банш, бууз нэг кг нь 4000, 5 кг-ыг нь 20,0 төгрөгөөр зарж, хонь ямааны гулууз мах нэг кг нь 3,0-5,0 мянга, ууцны мах 150,0-200,0 мянган төгрөгийн ханштай байв.
Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн ахуй зүйлээс сар шинийн баярт зориулсан төрөл бүрийн хээ угалзаар чимсэн модон тавагнууд, монгол дээл /хүүхэд, том хүний/, малгай, хурганы арьсан дээл, нэхий дээл, шүрээр хийсэн ээмэг зүүт, толгойн гоёл, модон авдар, гутал монгол арьс элдэж хийсэн гэр ахуйн эд хэрэглэл, зэс, мөнгөн шанага, мал аж ахуйн тоноглол хазаар, эмээл, бугуйл зэрэг эд зүйл зонхилж байлаа.
Эдгээрээс хамгийн их эрэлттэй нь сар шинийн баярын ширээгээ засах модон тавагнууд худалдан авалт ихтэй байсан бол гараар хийж оёсон бага насны хүүхдийн монгол дээл гүйлгээтэй барааны нэг байж хурдан борлогдож байгааг худалдаа эрхлэгчид хэллээ.
А.Бямбасүрэн