Мянгад эхнэрийн толгойн гоёл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-24 11:30:11

Ховд аймагт аж төрдөг олон ястнуудын нэг нь мянгадууд.Мянгад эхнэрийн толгойн боолт, гоёл чимэглэл нь халх эхнэрийнхээс чимэглэл багатай, шүр ихтэйгээрээ ялгаатай. Мянгад эхнэр мөнгөөр хийж шүрээр чимэглэн хийсэн “төгрөг боолт” буюу ”оройвч” өмсөж, түүний дор “магнайн хадлага” хэмээх оюу, шүр шигтгээтэй дөрвөн нүдтэй сүүхэлжин өртэй, шүрэн шигтгээтэй мөнгөн чимэглэлийг магнай, шанааг тойруулан боодог байжээ. 

Мянгад охидын гоёл чимэглэлийн зүйлд үсний утсан зүүлт ”боодог” зүй ёсоор орно. Охид үсээ нэг гөрөөд үзүүрт нь 60 орчим см урттай боодог зүүдэг. Боодогны нэг үзүүрт тээглүүр болгож “ембүүтэй цөлхөөв” зүүсэн байдаг. Үүнийг үсэнд тээглүүлж доош нь боодгоо үстэй хамт сүлждэг. Нөгөө талын төгсгөлийг “буудайлж” эржийлгэн, буудай хатгаж оёж гоёх бөгөөд үзүүрт нь мяндсан хар цацаг зүүдэг.
Мянгад эхнэр үс халх эхнэр үстэй адил боловч үсний дэргэр эргэлт нь бууна. Угийн болон адгийн хавчиг нь оюу, шүрээр чимэглэсэн өргөн, бөөрөвч нь дугуй хэлбэртэй. Үсний гэрийг хар хилэнгээр үйлдэж, хадлага нь шүрээр тоноглосон гурван завсар, дөрвөн нүдтэй мөнгөн сүүхэлжинг тойрсон шүр хэлхэн хадамласан эрвээхэй хээтэй. Ардаа шилэвчтэй, шанааны харалдаа шанаан татуургын хоёр сэнжнээс мөнгөн татуурга зүүнэ. 

Мянгад эмэгтэйчүүд хутга зүүдэг. Бэлнээс таван өнгийн алчуур зүүхдээ хутгаа давхар зүүнэ. Хутга зүүдэг болсноо мянгад ястан биеэ даасан хошуу болоход гаргах цэрэг эрсийн тоо хүрэлцэхгүй болохоор эмэгтэйчүүдээ эрэгтэй хувцсаар хувцаслан хутга зүүлгэж эрийн тоог гүйцээсэн гэх домогтой холбон хэлэлцдэг.

А.Бямбасүрэн
 

関連ニュース