Он гарсаар 13 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар 13 иргэн ипотекийн найман хувийн хүүтэй зээлд шинээр хамрагджээ.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд 2017 оны 01 дүгээр сард дөрвөн иргэнд 152,3 сая төгрөгийн зээл олгож, наймаас таван хувьд нэг иргэний 77,4 сая төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Харин 02 дугаар сард есөн иргэнд 413,5 сая төгрөгийн зээл олгосон байна. Наймаас таван хувьд хоёр иргэний 139,1 сая төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
“Ипотекийн найман хувийн хүүтэй зээл огт зогсоогүй, цааш үргэлжилнэ. Гагцхүү хөрөнгийн эх үүсвэрийн асуудал дээр гацаад байгаа юм. Олон улсын валютын сангийн судалгааны баг Монгол банкинд хийсэн судалгаагаараа энэхүү ипотекийн зээлийг Засгийн газартаа шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэхдээ ямартай ч Монголбанк 2018 он хүртэл энэ зээлийг үргэлжлүүлнэ. Найман хувийн хүүтэй зээл иргэдийн хувьд маш их хүлээлттэй байгаа учир санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгохоор Монгол банк, Дэлхийн банктай уулзаж улмаар санхүүжилт авахаар болж байна. Одоогоор тус ажил хэлэлцээрийн шатанд явж байгаа. Санхүүжилт шийдэгдчихвэл ипотекийн зээл олгогдоно гэж ойлгож болно...”хэмээн Монголбанкны Сүхбаатар аймагт дахь салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.
Ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сарын 21-ний байдлаар таван хувийн хүүтэй зээл 95 иргэний дөрвөн тэрбум төгрөг, найман хувийн хүүтэй зээл 75 иргэнд 3,2 тэрбум төгрөг, 8-5 хувь руу 49 иргэний 1,8 тэрбум төгрөгийн зээл шилжсэн байна. Энгийнээс буюу банкны үндсэн хүүтэй зээлнээс найман хувь руу 54 иргэний 1,7 тэрбум төгрөгийн зээл шилжсэн, МИК-д 386 иргэний 13 тэрбум төгрөгийн зээл шилжсэн байна. Харин банкны эх үүсвэрээр 402 иргэнд 8,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Т. Одончимэг