Баянхонгор аймаг хөрөнгө оруулагчдыг татлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.
Энэхүү зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр бусад яамдын болон Альшаа аймгийн Эзнээ хошууны зарим удирдлагуудын төлөөлөл оролцсон байна. Мөн Баянхонгор аймгийн удирдлагууд, төв, хөдөөгийн 200 шахам бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцжээ.
“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөлгөөн Баянхонгорт хөгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аймгийн нийгэм эдийн засгийн түвшин, ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгыг өмнөө тавьсан. Тэгвэл уг зорилгоо биелүүлж, зөвлөлгөөний хүрээнд зургаан чиглэлээр 10-аад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэ хүрээнд эхний ААН 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Уг санамж бичгийг байгуулснаар Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө талууд хамтран ажиллах юм. Ингэхдээ тус аймагт шаардлагатай мэргэшсэн албан хаагч, ажилтнуудын богино, дунд, урт хугацааны сургалтыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, шинэ технологийг судлах улмаар нэвтрүүлэх үүд хаалгыг нээж буй аж.
Б.Мөнхзул