Өмнөд Солонгос-Америкийн байлдааны нууц төлөвлөгөө Умардын хакеруудын гарт оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй дайн эхэлсэн тохиолдолд хэрэгжүүлэх БНСУ-АНУ-ын байлдааны ажиллагааны 5027 нууц төлөвлөгөөг хакерууд гартаа оруулжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж KBS телевизэд мэдээлжээ.
"Өнгөрсөн оны 9 дүгээр сард Умард Солонгосын хакерууд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны дотоод сүлжээнд нэвтрэн оржээ. Саяхан дууссан мөрдөн байцаалтын явцад хакеруудын гарт орсон материалуудын дотор шуурхай ажиллагааны 5027 гэсэн код бүхий төлөвлөгөө байсан нь тодорхой болсон” гэж тус телевиз мэдээллээ.
Энэ хэрэг явдал гарсан даруйд Батлан хамгаалах яам халдлага гарсныг хүлээн зөвшөөрсөн боловч чухал мэдээлэл алдагдаагүй гэж баталж байсан юм. “Харин нарийвчилсан мөрдөн байцаалтын явцад хакерууд маш нууц баримт бичгүүд, тухайлбал, Умард Солонгосын эсрэг байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөнд нэвтэрч нь тодорхой болсон” гэдгийг KBS онцолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн прокурорын газраас Батлан хамгаалахын сайдад мөрдөн байцаалтын дүнг илгээгээд байгаа аж. Одоогийн байдлаар, нууц мэдээлэл алдагдсан явдалд хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэрсийг тогтоож байна.
Одоо АНУ болон БНСУ 5027 шуурхай ажиллагааны төлөвлөгөөндөө томоохон өөрчлөлт оруулахаас аргагүй боллоо.
О.Барс