Зам тээврийн осолд хохирсон хүүхдийн асуудлаар хэлэлцүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-11 08:57:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулдаг Зам тээврийн ослоор хохирсон хүүхдийн өдрөөр Хүүхдийн "Тэмүжин" театрт сургалт, хэлэлцүүлэг зохион явууллаа.

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион явуулсан тус арга хэмжээнд ЕБС-ийн сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд оролцсон байна. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Отгонбаяр, аймгийн Цагдаагийн Газрын дарга, хурандаа Д.Оюутболд, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр,  Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Цэцэнхүү нарын зэрэг албаны хүмүүс оролцов.  

Тус арга хэмжээ Хүүхдийг Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал суулгах, эцэг эхийн анхааралыг хүүхэд рүү чиглүүлэх, ослоор хохирсон хүүхэд, тэдний эцэг эхийн дуу хоолойг төр засгийн түвшинд хүргэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Сүүлийн 6 жилийн  хугацаанд зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас мөн хугацаанд нийт 300 хүүхдийн амь нас хохирсон бол Баянхонгор аймгийн хэмжээнд 10 хүүхдийн амь нас хохирчээ. Сургалт хэлэлцүүлгийн үеэр, автомашины ослоор хорвоог орхисон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөж, нэг минут дуугаа хураан эмгэнэл илэрхийлэв.

                                                                                                                       Б.Мөнхзул

関連ニュース