Гамшгаас сэргийлэх сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-11 09:46:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран Богд сумд "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал" сургалтыг зохион явуулжээ.

Гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, аюул, эмзэг байдал, чадавхыг үнэлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах сэдвээр зохион байгуулсан тус сургалтад тус аймгийн говийн долоон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтнуудыг хамруулсан байна.

Сургалтын үеэр хүүхдийн орчин буюу сургуулийн дотоод, гадаад орчин, дотуур байрны гамшгийн эрсдэлүүдийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг гарган ажиллажээ. Мөн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор төсөл хөтөлбөрийн байгууллагаас дэмжлэг үзүүлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авахад тусласан байна. Энэхүү сургалт нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт тавьсан зорилт мөн Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог аж.

                                                                                                                 Б.Мөнхзул

関連ニュース